Дэлхийн 200 оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж сүүлийн 24 цагийн дотор 4 оронд шинээр бүртгэгдээд байгаа юм. Ялангуяа сүүлийн үед Африкийн орнуудад өвчлөл нэмэгдэж байгаа тул тусламжийн гараа сунгахыг уриалж байна.
АНУ халдварын голомтын тэргүүлэх зэрэгт шилжээд байна. Испанид нэг өдрийн дотор нас баралт, өвчлөл бүртгэгдээд байгаа бөгөөд тус улсын Шадар сайд халдвар авчээ.
Манай улсын холбогдох албанаас тав дахь удаагаа халдварын эрсдлийн үнэлгээг хийлээ. Уг үнэлгээгээр халдвар тархах эрсдэл маш өндөр гэж дүгнэсэн.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатарын онгоцоор 221 зорчигчдоос шинжилгээ авч дууслаа. Үүнээс нэг иргэнээс коронавирус илэрлээ. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол ирж, шинжилгээ хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 185 хүн ХӨСҮТ-ийн хяналтанд байна. Хяналт тандалтыг нарийвчлан хийж, халдвар авсан хүний ойрын хавьтлын хүмүүсийн тандаж, ажиллаж байна. Нэг өдөрт коронавирусийн халдвартай нэг хүний эмчилгээнд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлж, 800 мянган төгрөг зарцуулж байна.
Тусгаарлагдсан иргэнээс найм хоногийн дараа коронавирусийн шинжилгээ илэрсэн. Иймээс иргэдийг гэртээ зайлшгүй дахин 7 хоног тусгаарлах хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Бид өнөөдрийн байдлаар нийт 3,500 хүнийг тусгаарлажээ. Яг одоогийн байдлаар 2,126 иргэн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарлагдсан бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан.
Энэ хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан иргэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан. Одоогоор халуун нь буурсан байна. Хоёр дахь иргэн нь бие зарайж байна гэсэн зовуурьтайгаар Якутаас дамжиж ирсэн.
Түүнчлэн Замын-Үүдээр 33 иргэн орж ирснийг мөн тусгаарласан. Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Ялангуяа, тусгай үүргийн онгоцоор гаднаас иргэдийг авчрах шийдвэр гарвал тохирсон бэлтгэлүүдийг хийж байна.
Тусгаарлах байруудыг амралт, сувилал, зочид буудал, их, дээд сургуулийн болон МСҮТ-ийн дотуур байрууд гэсэн эрэмбээр гаргахаар судалж байна. Ингээд эхний удаад Улаанбаатар хотод болон хотыг тойрсон тусгаарлах байранд нийт 20,000 хүнийг хэрхэн тусгаарлаж болох талаар судалгаа гаргасан.
Түүнчлэн орон нутгийн чиглэлийн бүх галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа бөгөөд галт тэргэнд явж буй бүх хүний халууныг 2-3 удаа үзэж, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлаж байгаа.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Дэлхийн 150 оронд коронавирусийн халдварын 100-гаас цөөн тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарах ажиглах байрыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зургаан зөвлөмжийг ДЭМБ өгч байна. Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах дундаж хугацаа 4.8 хоног байна.