"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн хөгжимчин Б.Чинбат мэс заслын дараах эмчилгээгээ дуусган удахгүй эх орондоо буцахаар болжээ
Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд БНСУ-ын Корё их сургуулийн "Анам" эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон бөгөөд уг хагалгаанд түүний гэргий Ц.Сарнай донор болсон билээ. Тэд нар өөрсдийн сэтгэгдлээ "Анам" эмнэлгийн хуудсанд үлдээжээ.
Б.Чинбат: Урд нь Солонгос улсын эрүүл мэндийн систем "маш сайн" гэж сонсож байсан. Тэгээд гэр бүлийнхэн, гэргийтэйгээ ярилцсан. Бидэнд сонголт хийх 4-5 эмнэлгийн нэр байсан ч Солонгост ирээд "Анам" эмнэлэгт ирэнгүүтээ бид нарын итгэж найдах эмнэлэг мөн байна гэж бодсон. Үнэхээр ч хагалгаа маань амжилттай болсонд их баяртай байна.
Ц.Сарнай: Олон ч монгол хүн тус эмнэлэгт ирж бидэнтэй адилхан элэг солиулах мэс засалд орж байсан юм байна лээ. Хавдар судлалын үндэсний төвийн дарга байсан Ж.Чинбүрэн эмч маань "Анам" эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах төвийн Ким эмчийг сайн мэддэг, хамтарч ажилладаг юм билээ. Ким эмч ч гэсэн Монголд очиж байсан, "Анам" эмнэлэгийнхэн монголчуудад их элэгтэй ханддаг гэдгийг сонсоод их дотно санагдсан. Солонгост ирээд анх хөл тавьсан эмнэлэг маань "Анам" эмнэлэг. Тэгээд л эргэлт буцалтгүйгээр эндээ хагалгаа хийлгүүлсэн нь зүгээр юм байна гэж шийдсэн.
Ер нь хүнд цаанаасаа нэг тийм совин ч гэх юм уу мэдрэмж байдаг шүү дээ. Үйлчилгээ, эмч, сувилагч гээд л бүх хүмүүс нь мундаг чадвартай. Ер нь хүн эмчлэх эмчдээ итгэх ёстой. Тийм л итгэлцэл дундаас бид хагалгаагаа амжилттай хийлгээд ард нь гарсан даа. Бид хоёр сэтгэл маш өндөр байгаа.
Б.Чинбат: Бид хоёрын хувьд маш их баяртай байгаа. Бүх хүмүүс нь мэргэжлийн ур чадвар өндөр, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун байсан. Ярьсан харьцсан эмч, сувилагч, бид нарыг холбож өгсөн кординатор, орчуулагч гээд л. Зуун хувь сэтгэл хангалуун байна.
-Эмчилгээ хийлгүүлж байх үе, хагалгааны өмнө болон дараа, ер нь эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмнэлгийн үйлчилгээний талаар ямар бодол сэтгэгдэл төрсөн бэ? Сайн тал нь юу байсан бэ?
Б.Чинбат: Олон жил өвдөж явсан болохоор ч тэр үү хурдхан шиг л мэс засалдаа орчих юмсан гээд яараад байсан. Хагалгаанд орохын өмнө маш олон удаа эмчтэйгээ уулзаж байлаа. Ким эмчийн баг бол үнэхээр өндөр түвшний сайн эмч нар байсан. Тэгээд бас хүнтэй их гоё ойр ажиллаж чаддаг.
Хэзээ ч амьдралдаа үзээгүй юмаа үзэж байгаа болохоор бид нар мэдээж айж байсан. Надад элгээ өгсөн хүн бол миний гэргий. Энэ бол үнэхээрийн гайхалтай. Намайг амьдруулсан хүн миний гэргий, Ким эмчийн баг хамт олон, мөн энэ эмнэлэг.
Миний хувьд насан туршдаа баярлаад баршгүй гайхалтай үйл явдал болсон. Мэс засалдаа орсон... мэс засал дуусаад сэрсэн... (Инээв) Тэгээд бүх юм их гоё зөөлөн явсан. Үнэхээрийн сайхан юм байна лээ. Одоо бол би чинь мэс засалд ороод гурванхан сар болж байгаа ч төгөлдөр хууран дээрээ гараа тавих хэмжээнд хүрсэн.
-Том хагалгааны ард гарсан, хагалгааны дараа таны биеийн байдал хэр сайжирсан бэ, хэр сайн эдгэрсэн бэ?
Б.Чинбат: Одоо миний биеийн байдал маш сайн байна. Ерөөсөө өдөр хоногоор сайжраад байдаг юм байна. Тэгээд бас тухайн өвчтөн өөрөө гоё тэмүүлэлтэй, амьдралын гоё өнгөтэй, бүх юмыг баяр баясгалантайгаар харах нь бас их сэтгэлийн хүч байдаг юм уу даа гэж бодож байна. Гэргий маань надад элгээ өгөөд адилхан хоёулаа өвчтөн болж таарсан. Хоёуланг маань сайхан эмчилсэн. Бид хоёр инээгээд л явж байна. Одоо бараг гүйлээ шдээ. (Инээв)
Ц.Сарнай: Би бол ерөөсөө маш хурдан босч ирсэн. Гол нь өөрөө дотроо сэтгэлийн бэлтгэл сайтай байсан. Эхнээсээ өөрийгөө донор болно гэдэгтээ итгэлтэй байсан болохоор ер нь хагалгааны дараа долоохон хоногийн дотор босно шүү гэж дотроо бодсон. Өмнө нь ийм том хагалгаанд орж үзээгүй, гэхдээ хүнд үе мэдээж байсан.
Би чинь нөхрийгөө анхнаасаа харж асрах гэж ирсэн ч гэнэтхэн донор болсон. Донор болсон ч нөхрөө харж хандах ёстой гэдэг утгаараа өөртөө хатуу чанга шаардлага тавьсан. Тэр ч хирээр хурдан тэнхэрсэн. Эрүүл байх маш их чухал юм байна лээ.
Б.Чинбат: Миний хүслээр бол бүх доноруудыг алдаршуулах хэрэгтэй. Үнэхээр энэ хүмүүс гайхалтай.