Сайжруулсан шахмал түлшний буруу хэрэглээнээс болж 11 дуудлага ирж, 14 настай охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Айл өрхүүд яндангийн сойлтоо хаах, түлшээ буруу түлэх, ханан зуух нь цуурсан, угаар мэдрэгчээ унтраасан гэх зөрчил илэрсэн. Он гарсаар угаарын хийнд хордсон 32 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
Угаар мэдрэгчээ унтрааж, гал түлээд гурван хүүхдээ үлдээн явсны улмаас 14 настай охин угаарын хийнд хорджээ. Иймээс угаар мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулав. Угаар мэдрэгч дуугарч байвал шууд унтраах бус агаараа сэлгэж угаарын хийгээ гаргах ёстой. Мэдрэгч дуугарч байвал танай гэр оронд угаарын хий зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна гэсэн үг шүү. Угаар мэдрэгч төхөөрөмжийг ирэх долоо хоногоос тарааж эхэлнэ.
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Обектын гал түймрийн дуудлага тасрахгүй байгаа бөгөөд 56 настай эрэгтэй гал түймэрт өртөн нас барсан хэрэг гарсан. Иймд анхаарал сэрэмжтэй байхыг дахин сануулж байна.
Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.