АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер хилийн чанадад байрлаж буй цэрэг армийн үйл ажиллагааг 60 хоног буюу хоёр сарын хугацаанд түр зогсоох тушаалд гарын үсэг зурлаа. Батлан хамгаалахын эх сурвалжийн мэдээлснээр уг шийдвэр нь коронавирусийн халдварын тархалттай холбоотой ажээ.
Хилийн чанад дахь цэрэг армийн үйл ажиллагааг царцааснаар алба хаагчид одоо байгаа байрлалдаа 60 хоногийн хугацаанд хөдлөлгүй үлдэх юм байна. Мөн хилийн чанад дахь 90,000 орчим томилгоо, албан үүргийг царцааж, гаднаас ирэх цэрэг эрс хоёр сарын хугацаанд саатах болж байна.
Батлан хамгаалахаас Ковид-19 цар тахлын халдвараас АНУ-ын иргэн нэг бүрийг хамгаалж дэлхийн нийтэд тусламж хүргэхэд бэлэн байдлыг хангана хэмээн мэдэгджээ. Ирак, Афганистанд алба хааж буй цэргүүд ч мөн хоёр сар илүү хугацаанд үүрэг гүйцэтгэх юм.
Пентагоноос АНУ-ын армийн 227 алба хаагч коронавирусээр халдварласныг мэдээлжээ. Цэргийн эмч нарын зөвлөл халдварын тархалт АНУ-ын нутаг дэвсгэрт дахин гурван долоо хоногийн хугацаанд тасралтгүй өснө гэж таамаглажээ. Тиймээс хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн сахих ёстой, илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: CNN