Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой/2020.03.25/ ард түмэндээ хандсан зургаан зүйл бүхий уриалга гаргасан. Үүнд нь:
1. Яаралтай төсвөө тодотго, зардлаа танах
2. Ээлжит сонгуулийг хойшлуулж, зардлыг хэмнэх
3. Хямралын эсрэг тусгай сан бүрдүүлэх
4. Амьжиргааны түвшин доогуур иргэдийг дэмжих
5. ҮАБЗ-ийн дэргэд яаралтай комисс байгуулах
6. Онцгой нөхцөлд Төрийн удирдлагыг төвлөрүүлэх-ийг уриалсан. Гэвч уг асуудалтай холбогдуулан нийгэмд багагүй маргаан өрнөөд байна.
Ерөнхийлөгчийн гаргасан уг уриалгад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
“УИХ-ын сонгуулийг хойшлуулж, удирдлагыг төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч уриалжээ. Энэ бол Монгол улсын Үндсэн хуулинд харш, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үл тоомсорлосон туйлын хариуцлагагүй уриалга болжээ. Үүнийг дэмжиж болохгүй гэж уриалж байна” гэжээ.
“Халдварт өвчин гарлаа гээд Үндсэн Хуулинд байхгүй Удирдлагын бүтэц байгуулж УИХ, Засгийн газрын дээр гарах заалт Үндсэн Хууль ба бусад хуулинд байхгүй. Өөр нэг ч орон ийм алхам хийгээгүй. Конгресс, Засгийн газраараа л хэлэлцэж ажиллаж байна...
...Хуулиас гадуур Онц бүрэн эрхт "комисс" байгуулна, төрийн удирдлагыг өөртөө төвлөрүүлнэ гэнэ үү. Чоно борооноор...” гэсэн байна.
Мөн “Электорат хөдөлгөөн”-ий дэмжигч Б.Болдсайхан:
“Ардчиллыг устгах нэг арга нь хямралыг далимдуулж эрх мэдэл өөртөө төвлөрүүлээд хэнд ч хянагдахгүй болох, энэ эрх мэдлээрээ өөрийнх нь эсрэг бүгд (улстөрчид, иргэний нийгмийнхэн, чөлөөт хэвлэл гэх мэт)-ийг нухчин дардаг. Eрөнхийлөгчийн уриалга гэгчийг дагавал ийм зам руу орох эрсдэлтэй” гэжээ.
Эдгээрээс гадна маш олон хуульч, судлаачид өөр өөрсдийн байр суруийг илэрхийлсэн байна. Эндээс үзвэл дийлэнхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн халдварыг далимдуулж хулуь бус аргаар төрийн эрхийг авах гэж байна” гэсэн хардлага, дүгнэлтүүд хийсэн байна.
Уг асуудал УИХ дахь болоод УИХ-д суудалгүй нам эвслүүд, хууль, судлаачид ямар байр суурьтай байгааг тодруулж бид хүргэх болно.