Дэлхийн хамгийн том цахим худалдааны сүлжээ Амазоны агуулах байруудаас коронавирусийн халдвар илэрч байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Амазоны 10 орчим барилгаас коронавирусийн халдварын тохиолдол илэрчээ.
Нью-Йоркийн Стейтэн Айрланд дахь Амазон компанийн нэг ажилтан коронавирусээр халдварласныг тогтоосон байна. Уг ажилтныг гуравдугаар сарын 11-нээс хойш тусгаарлан эмчилж байгаа ажээ. Түүнчлэн Иллинойс, Калифорниа, Мичиган, Оклахома, Техас, Коннектикут зэрэг мужуудад байрладаг Амазоны бараа агуулах байруудад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Тиймээс технологийн тэргүүлэгч, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жеф Безосын удирддаг цахим худалдааны сүлжээ зарим газруудад үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоожээ. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Амазон компани хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур, цоож, мэдрэгч дэлгэц зэргийг тогтмол ариутгаж халдвараас сэргийлж байна гэжээ.
АНУ-д халдварын тохиолдол өнгөрсөн шөнө 10,000-р нэмэгдэж 65,797 болж, 935 иргэн нас баржээ.
Эх сурвалж: CNN