Үндэсний аудитын газраас сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.
Ингэхдээ 15 нам, дөрвөн эвслийн 19 мөрийн хөтөлбөр байгаа аж. Тодруулбал, “Сахих тун үндсэн хуулийн эвсэл”, “Та бидний эвсэл” (МАХН, ИЗНН, МУНН), “Шинэ эвсэл” (ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан намууд нэгдэж, эвсэл байгуулсан), “Зөв хүн электорат” эвсэл (ХҮН, МСДН, Зүй ёсны намууд нэгдэж, эвсэл байгуулсан) зэрэг 12 нам дөрвөн эвсэл нэгдсэн байна.
Энэ талаар Үндэсний аудиторын орлогч О.Тэнгис “Хамгийн сүүлийн нам энэ сарын 24-ний 23.50 минутад мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хуульд нийцээгүй зүйл байвал засуулахаар буцааж хүргүүлнэ. Засаагүй тохиолдолд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргана. Нам, эвслийн амлалт эдийн засгийн үндэслэлгүй, Монгол Улсын хөгжлийн хөгжил баримтлалд нийцэхгүй байвал буцаана. Харин эдийн засгийг өөрсдийн хөтөлбөрийн хүрээнд өсгөөд, дөрвөн жил хэрэгжүүлэх хөтөлбөртөө ДНБ-ий өсөлтийг биелэгдэх байдлаар хийгээд, хөтөлбөрт байгаа арга хэмжээнүүд нь хэрэгжихээр нийт компаниудын ашиг орлого, эдийн засаг сайжраад, мөнгөний бодлого зохистой яваад эдийн засагтаа тал талаасаа зөв нөлөөлөхөөр байвал мөрийн хөтөлбөрийг амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй. Үндэсний аудитын газар үүнийг нарийн тогтоохын тулд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч нарыг ажиллуулж байгаа” гэв.
Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60 хоногийн өмнө СЕХ-д хүргүүлэх ёстой. Бүрдүүлэх бичиг баримт дотор Үндэсний аудитын газрын дүгнэлт багтах аж. Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт гаргасан нам, эвслийг сонгуульд бүртгэхгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, эсэх шийдвэрийг СЕХ гаргах юм. Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн, үгүй гэдэг дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргана.
Б.Билэгт