Хэрэглээний зээлийг гурван сараар хойшлуулах Засгийн газрын шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхгүй байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Монголын банкны холбоо, Сангийн яаманд албан бичгээр хүсэлтээ гаргаж, тохиролцсоны дараа хэрэглээний зээлийн төлөх хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гарсан. Гэтэл банкууд иргэдийг бодохгүй, чирэгдүүлээд байна. Хувийн арилжааны банкууд сүүлийн таван жил их ашиг олсон. Гэтэл өнөөдөр залилан, луйвар хийж байна. Ноолуурын үнийг тогтворжуулах 300 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар тарааж байгаа. Ийм байхад арилжааны банкууд иргэдээ бодохгүй байна. Иргэдийг бодсон шийдвэр гаргах цаг болжээ.
Хоёрт, Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Улсын төсвийн 70-80 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа зэсийн үнэ унаж байна. Эдийн засагчдын тооцоогоор нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээх сурагтай. Өөрөөр хэлбэл, нийтдээ гурван их наяд төгрөгийн алдагдалтай болчихлоо. Төсвийн тодотголыг яаралтай хийх, банкууд зээл төлөх хугацааг хойшлуулах, түрээсийг багасгах, 10 байгаа НӨАТ-ын хувь хэмжээг 3 хувь болгох шаардлагыг тавьж байна.