Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 25-ны өдрийн мэдээлэлдээ дэлхий даяар коронавирусийн халдвараар 18-45 насны залуучуудын дунд өвчлөл бүртгэгдэж эхэлж байгааг онцлон дурдлаа.
Хүн амын дунд тархаад ирэхлээр хүүхэд, залуусийн дунд халдвар бүртгэгдэж эхэлж байна. Энэ дундаас 18-аас доош насны гурван хүүхэд халдвар авч нас барсан тохиолдол бүртгэгджээ. Өдрөөс өдөрт өвчлөлийн шинж тэмдэг өөрчлөгдөж байна. Иймээс коронавирусийн ойлголт, хандлага хүртэл өөр болж байгааг иргэд ойлгож, өдөр бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй. Австрали улсад хуримын үйл ажиллагаанд 5, оршуулгад 10 дээш хүн оролцохыг хоригложээ. Түүнчлэн халдвар авсан иргэд дунджаар 45 хоног эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа тул бүх улс орнуудад орны хүрэлцээ хүрэлцэхгүй байдалд хүрч байна гэлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3413 иргэн тусгаарлагдсанаас өнөөдөр 2083 иргэн тусгаарлалтад байна. Халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж 300 эмч, эмнэлгийн ажилтан мөн тусгаарлагдаад байна. Өнөөдөр 4 эмч тусгаарлалтаас гарсан.
Дэлхийн дунджаар хөнгөн өвчтөн 14, хүнд ба хүндэвтэр өвчтөн 4 долоо хоногийн хугацаанд эмчлэгдэж байна.
Манай улсын хувьд бэлэн байдлаа хангах үүднээс 5000 орыг дэлгэх боломжийг хангахаар ажиллаж байна.
Олон улсын эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар коронавирусийн халдвар авсан иргэдийн 30 хувьд нь шинж тэмдэг илэрдэггүй. Иймд тухайн хүн халдвар авснаа мэдэхгүйгээр 100-1000 хүнд халдвар тараах боломжтой гэж үзэж байгаа юм. Иймд аль болох олон нийтийн газраас явахгүй, зайнаас харьцах хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдээ гадуур дагуулж явах тохиолдол их гарах боллоо. Иймээс аль болох бага насны хүүхдээ олон нийтийн газраас дагуулж явахгүй байхыг дахин хэлмээр байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 гуравдугаар сарын 23-нд нийслэлийн 6 дүүргийн эмнэлгүүдээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэж тандан хянаж байгаа юм.
Алтанбулагын боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон аймагт тусгаарлагдсан нэг нийт гурван хүнээс коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авч байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа.
Лабораторийн шинжилгээ хийхдээ цэр, залгиур, цус буюу ийлдэс, өтгөн шингэний шинжилгээ хийж, хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг хянаж байна.
Бүрэн эдгэрсэн хүнийг гаргахдаа шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээвэл халдвар тараах эрсдэлтэй байдаг. Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Энэ системийг тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарч хянаж байгаа.
Цагдаагийн байгууллагаас коронавирусийн халдварыг далимдуулан холбогдох байгууллагуудын нэрийг ашиглан хуурамч хаяг нээн цахим гэмт хэрэг үйлдэх болсон талаар мэдээлэл өглөө.
Иргэдийг хуурч мэхэлсэн 25 хэргийг цагдаагийн байгуулага шалгаж эхэлсэн байна. Амны хаалтны эрэлт хэрэгцээнд тулгуурлан иргэдээс их хэмжээний мөнгө авч залилсан хэрэг гарчээ.
Тухайлбал, Эрээн хотод амьдардаг иргэн Д их хэмжээний амны хаалт нийлүүлнэ хэмээн 8 сая 400 мянган төгрөгийг залилан авсан байна.
Фэйсбүүкээр Герман улсаас амны хаалт нийлүүлнэ хэмээн иргэдээс 117 сая төгрөгийг залилан авсан хэргийг шалгаж байна. Иймээс иргэд аль болох баталгаагүй газраас амны хаалт зэргийг авахгүй байхыг анхаарууллаа.