Одоогоос 60 жилийн тэртээ нүүдэлчин өв соёлтой Монголчууд бид суурин амьдралыг ѳрнүүлж, орчин цагийн соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн түүхтэй. Өдгөө нийслэл хот маань дэлхийн их хотын нэг болж оршин суугчдаас хариуцлага, харилцан хүндлэл, хувь хүний хандлага, орчин цагийн хотын соёл гээд хамтын нийгмийн амьдралын хэв маягийг шаардсаар байна.
Ялангуяа сүүлийн үед хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа аюулт тахал, халдварт өвчинтэй тэмцэж үр хойч үе, цаашлаад улс үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалах нь нийслэлийн иргэн бүрийн хариуцлага, хамтын зүтгэлээс ихээхэн хамааралтай болоод байна.
Хотын соёл, иргэн хүний хариуцлагыг ярихгүйгээр аливаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах боломжгүй юм. Иймээс их хотоо соёлжуулах хотын соёл бүх нийтийн хөдөлгөөнийг нийслэл даяар эхлүүлж буйгаа мэдээллэв.
Энэхүү хотын соёл бүх нийтийн аянг хэрэгжүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал бөгөөд иргэн та гудамж талбайд нус цэр, хогоо хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд биелүүлэхээс эхэлнэ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 4000 гаруй ажилтан албан хаагчид өнөөдрөөс эхлэн хотын соёлыг түгээх, хэвшүүлэх аянд нэгдэж байна. Хотын иргэд та бүхнийг “Хотын соёл” үйлсийг дэмжиж ая тухтай, аюулгүй, эрүүл хотыг цогцлоохын төлөө айл хѳрш, орц, гудамж, хороо дүүрэг, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олноороо нэгдэхийг уриаллаа.