СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Мөнхтүшиг: Монголчуудын визийг цуцалж, манай улсаас яв гэсэн асуудал гарахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.

-Дэлхий нийтээр онцгой байдалд шилжсэн энэ үед гадаадад байгаа монголчуудын нөхцөл байдал хэр байна вэ. Гадаадад суугаа Элчин сайдын яамд хэрхэн ажиллаж байна?

-Гадаад харилцааны яамны Консулын газар хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах чиг үүрэгтэй. Коронавирусын халдвар зөвхөн Монголын асуудал биш. Дэлхийн 168 улс, 189 бүс нутгийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрчихлээ. Улс орнууд хатуу арга хэмжээ авч хилийн хориг тавьснаас бүх улс орны гадаадад байгаа иргэдэд бэрхшээл тулгарч байна. Энэ үед иргэдэд боломжит ямар үйлчилгээ хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

Дэлхий нийтээр коронавируст халдварын тархалт цар тахлын хэмжээнд хүрсэн энэ цаг үед олон улс орон хилийн хязгаарлалт хийж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд эх орондоо ирэх боломж улам хумигдаж байна.. Гадаад харилцааны яамны судалгаагаар 80 гаруй улс оронд 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна. Бид Элчин сайдын яамдаараа дамжуулаад тухайн улс орны авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зайлшгүй дагаж мөрдөх ёстой журмыг хилийн чанадад суугаа иргэдэд цаг алдахгүй хүргэж байна. Тухайлбал, ОХУ гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. БНХАУ мөн адил коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирж байгаатай холбогдуулан гадаадаас ирж байгаа бүх иргэнийг өндөр хяналтад авч 14 хоног тусгаарлаж байна. Үүнтэй холбоотойгоор ОХУ, БНХАУ-аас дамжин эх орондоо ирэх боломжгүй болсон. Гадаадад байгаа монгол иргэдийн ар гэрийнхэнд хэлэхэд тухайн бүс нутагтаа аюулгүй байдлаа хангаж аль болох тайван байх хэрэгтэй. Зарим иргэн янз бүрийн ташаа мэдээлэл түгээж сэтгэл санааг нь үймүүлж, сөргөөр нөлөөлөх үйлдэл гарч байна. Иргэн суугаа орныхоо хууль тогтоомжийн дагуу заавар зөвлөгөөг дагаж аюулгүй байдлаа хангах хэрэгтэй.

-Зарим орон гадны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй боллоо. Мөн оюутнуудыг дотуур байрнаас нь гаргах асуудал яригдаж байна. Энэ тохиолдолд Монгол руугаа ирэхээс өөр аргагүй болно?

-Гадаадад байгаа иргэд бүгд ирнэ гээгүй. Гадаад байнга оршин суудаг. Амьдрал нь төвхнөсөн иргэд тэндээ байя гэсэн. Харин түр хугацаагаар зорчсон иргэд бидэнд хандаж байна. Энэ хүмүүсийн визийг тухайн улсын Элчин сайдын яамтай нь яриад сунгаж байгаа. Визийг нь сунгахгүй, хугацааг нь хэтрүүлэх нэг ч улс байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед виз цуцалж манай улсаас яв гэдэг байдлаар хандах асуудал гарахгүй.

Оюутны байраа сулла гэсэн шаардлага тавьсан зүйл байхгүй. Энэ тохиолдолд Элчин сайдын яамдаас тухайн сургуулийн удирдлагатай холбогдож нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа. Хүмүүнлэгийн шугамаар ямар нэг нислэг байхгүй гэдгийг улс орнууд ойлгож байгаа. ОХУ-д суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирж байна. .

-Гадаад руу явах хүсэлтэй иргэд МИАТ, Онцгой комисст их хандаж байгаа гэсэн. Дараагийн чартер нислэг хэзээ байх вэ?

-Татан авах боломжтой улс орноос иргэдээ тусгай нислэгээр авсан. Дараагийн ээлжийг хэзээ зохион байгуулах вэ гэдгээ дотоод дахь нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөц бололцоог харж байж шийдвэрлэхийг Улсын онцгой комиссоос өгсөн. Мөн гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын халдвар авсаныг тогтоож байгаа учраас эрүүл мэндийн байгууллагынхаа боломжийг харах ёстой.

Гадаад руу чартер нислэгээр явах хүсэлтэй иргэд Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, МИАТ компанид их хандаж байна. Ингэх шаардлагагүй. Эдгээр байгууллага гадаад явах иргэдийн бүртгэлийг хийхгүй учраас өргөдөл, хүсэлтийг хүлээж авахгүй. Харин чартер нислэг хийх нь тодорхой болсны дараа гадаад руу зорчих тасалбараа хэрхэн худалдаж авдаг тэр журмаараа л хандана. Япон, Солонгос ч явах иргэд их хандаж эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй байна.

-Бусад улс оронд коронавирусын халдвар авсан монгол иргэн байгаа юу?

-Өнөөдрийн байдлаар гадаад улсад монгол иргэн шинээр коронавирусын халдвар авсан тохиолдол байхгүй. Мэдээллийг тухай бүрт нь авч байгаа.

-Гадаад улсад суугаа Элчин сайдын яамд иргэдээ хүлээж авахаас татгалздаг, тусгай нислэгээр ирэх иргэдийг бүртгэхтэй холбоотой шүүмжлэл багагүй өрнөлөө. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Гадаадад байгаа Элчин сайдын яамд монгол иргэдээ огт ялгаварладаггүй гэдгийг хариуцлагатай хэлье. Хоёрдугаарт, тусгай нислэгээр харгалзан үзэх шалтгаантай иргэдийг Элчин сайдын яамаараа дамжуулан бүртгэсэн. Та бүхэн харсан бол өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг тусгай нислэгээр авчирсан. Мөн нислэг цуцлагдсанаас олон хүн ирэх боломжгүй болсон байсан. МИАТ компанийн нислэгийн систем дээр 200-300 хүн бүртгэлтэй байсан учраас системээрээ автоматаар тасалбар нь баталгаажсанаас биш нэгийг нь бүртгээд нөгөөг нь орхисон асуудал байхгүй.

-Бусад улс оронд эрүүл мэндийн гэх мэтээр эх орондоо ирэх зайлшгүй шалтгаантай иргэд хэр их байгаа вэ. Энэ хүмүүсийн мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэж байгаа юу?

-Элчин сайдын яамдад иргэд утсаар болон мэйл хаягаар их хандаж байна. Тэр тохиолдол болгоныг бүртгэж мэдээллийг Гадаад харилцааны яам Улсын онцгой комисст тухай бүрт нь танилцуулж байгаа. Гадаадаас иргэдээ татахын тулд зөвхөн онгоц нисгэх биш эх орондоо ирсний дараах аюулгүй байдал, эрсдэлийг хаах бэлтгэл ажил бүрэн хяналтад авах хэрэгтэй. Эхний ээлжинд ирсэн хүмүүсийн биеийн байдлыг ч харах шаардлагатай учраас нислэг хийх эсэх асуудлыг ярих эрт байна. Коронавирусын тархалттай холбоотойгоор нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Шууд нисч очоод авчирхаас гадна боломжит бүх хувилбарыг Улсын онцгой комиссынхон судалж тухай бүрт нь шийдвэр гаргаад явна.

-Солонгосоос амрал­таараа ирээд байгаа оюутнуудын визний асуудал ямар шатандаа явна вэ?

-Солонгост суралцдаг оюутнуудын асуудлыг анхаарч шаардлагатай арга хэмжээг авч ирсэн. Визний сунгалт, бүрдүүлэх материалд зохицуулалт хийсэн. Солонгосын Элчин сайдын яамтай тохиролцсоны дагуу өнгөрсөн долоо хоногт 70 гаруй оюутны асуудлыг нааштайгаар шийдвэрлээд явж байна. Гуравдугаар сарын 21-нд Солонгосын Ерөнхий сайд иргэддээ хандаж уриалга гаргахдаа солонгосчууд коронавирусыг ялан дийлэх эсэх асуудал ирэх 15 хоногт тодорхой болно гэдгийг мэдэгдлээ. Монгол оюутнуудын зарим нь яаралтай Солонгост очно нислэгт бүртгэж өгөөч гэж байгаа бол нөгөө хэсэг нь визээ сунгуулаад эх орондоо үлдэе гэсэн саналтай байна. Гэвч зайлшгүй явмаар байна гэж байгаа хүмүүст одоогоор тийм боломж байхгүй гэдгийг хэлье. Энэ нөхцөл байдалд иргэд аль болох гадаад руу зорчихгүй байхыг хүсье.

-Мэдээлэл авч чадаа­гүй. Хамрагдаж чадаагүй оюутнуудад боломж бий юу?

-Визний асуудал гуравдугаар сарын эхнээс яригдсан учраас мэдээлэл аваагүй гэж бодохгүй байна. Оюутнуудын өргөдлийг нэгдсэн байдлаар авч Солонгосын Элчин сайдын яамтай визийн хугацааг сунгах талаар ярилцаж шийдвэрлэсэн. Сургуулиасаа бичиг баримтаа авч чадаагүй зэргээр бүрдүүлэх материалтай холбоотой бэрхшээлийг зохицуулсан. Харин сургуульдаа очмоор байна. Эхний нислэгт оруулж өгөөч гэдэг байдлаар хандах шаардлагагүй.

-Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд хэр байна вэ. Нутаг руугаа буцах хүсэлт гаргаж байна уу?

-Гадаад руу чартер нислэгээр эхний ээлжинд буцах хүмүүс бол гадаадын иргэд. Тухайн улсынх нь Элчин сайдын яамнаас бидэнд тавьсан хүсэлтийн дагуу иргэдийг нь тэргүүн ээлжинд буцааж байгаа. Мөн нислэг үйлдэж байгаа улсад сурч, амьдардаг хүмүүс тасалбараа захиалаад явсан.

Манай улсын Элчин сайдын яам гадаадад хэрхэн ажиллаж байгаа жишгээр Улаанбаатарт байгаа гадаадын элчингүүд ажиллаж байна. Монголд ирээд буцаж чадахгүй байгаа иргэдийнхээ тоон мэдээллийг бидэнд өгөөд чартер нислэгүүдээр иргэдээ авсан. Өнөөдрийн байдлаар иргэдээ яаралтай буцаах асуудал тавьсан Элчин сайдын яам алга. Хэрэв гадаад улсын Элчин сайдын яам иргэдээ буцаая гэвэл бид бүх боломжоо дайчилна.

-Монголд байгаа гадны иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай авч чадаж байна уу. Ялангуяа, онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас гадаад иргэдэд зориулсан тусгай сэрэмжлүүлэг мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Улаанбаатарт байгаа Элчин сайдын яамд ч гэсэн иргэд нь эрсдэлд орвол эрүүл мэндийн тусламжийг хэрхэн авах вэ гэсэн мэдээллийг тухай бүрт нь өгч байна.

С.УЯНГА

2020.3.25 ЛХАГВА № 57 (6282)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.