СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэрэг гацаанд оржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

ШИНЭН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан та С.Зориг агсныг хөнөөхийг захиалсан захиалагчийг удахгүй зарлах хэвээрээ юү 

2017 оноос хойш С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг “Өнөөдөр, маргааш, 14 хоног дотор зарлана” хэмээн УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан удаа дараа мэдэгдэж байлаа. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудал 2017 оны арваннэгдүгээр сард яригдаж байх үеэр анх “Бид 14 хоногийн дотор С.Зориг агсны амь насыг хөнөөх хэргийг захиалагчийн нэрийг зарлана.

УИХ-аар 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийн захиалагчтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө Б.Хурцыг Элчин сайдаар томилон явуулах гэж байна” хэмээн мэдэгдэж байв. Гэвч тэр өнөөдрийг хүртэл захиалагчийг зарласангүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн адилаар “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг удахгүй илрүүлнэ. Бид илрүүлэхээр ажиллаж байна” хэмээн улс төр хийгсэд, ам гарагсадыг тоолох аргагүй олон.

Гэвч өдгөө төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөхийг бусдад захиалагчийг илрүүлэх, эрэн сурвалжлах албан ёсны ажиллагаа гацаанд орсныг албаны эх сурвалж мэдээлж байна. Учир нь дээрх хэргийг илрүүлэн шалгаж байсан ажлын хэсэг татан буугдсан. Захиалагч гэгдээд буй нэр бүхий хүмүүсийг онц ноцтой хэрэгт холбоотой юу үгүй гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байсан.

Гэтэл шинээр байгууллагдсан ажлын хэсэг энэ хэргийг үргэлжлүүлэн шалгахдаа хойрго хандаж байгаа гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байлаа. С.Зориг агсаны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт хорих ялаар шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг энэ хэрэгт холбогдолгүй гэх баримт ч цугларч байх магадлалтай байгаа гэнэ.

Ц.Нямдорж сайдад С.Зориг агсны захиалагчийг олох ажиллагааг гацаах сонирхол байдаг уу

ТЕГ-ын дарга Б.Хурц болон түүний албатуудын илрүүлсэн, шүүх, прокурорын байгууллагынхны ялласан “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдүүдийг илрүүлэн зохих ялыг ногдуулсан” хэргийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлмэгдүүлэлт хэмээн удаа дараа мэдээлсэн. Тодруулбал, “Т.Чимгээ, Ж.Содномдаржаа нарын хэлмэгдсэн хүмүүсийг гэрт нь буцаах ёстой. Ар гэрийнхнээс нь дахин уучлал гуйж байна” гэж мэдээлж байв.

Ингээд зогсохгүй С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг мөрдөн илрүүлэх ажлын хэсэгт багтсан хэд хэдэн албан тушаалтныг саатуулан “Гэм зэмгүй иргэдэд эрүү шүүлт хийж, хэлмэгдүүлсэн байж болзошгүй” үндэслэлээр шалгуулж, Ажлын хэсгийг тараагаад буй. Ц.Нямдорж сайдыг С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг тараах, илрүүлэлтийг будлиулах үүрэг авсан хүн гэж болохоор баримтыг тус хэргийг гардан шалгасан хууль, хяналтынхан хэлдэг. Тодруулбал, С.Зориг агсны хамтран зүтгэгчдийн нэг, улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Энэ хэргийг битгий илрээсэй гэж, илрүүлэхгүй байхад хувийн тоглолтоо маш их хийсэн хүн бол Ц.Нямдорж.

Тухайн үед цагдаа, тагнуулын байгууллага тус тусдаа ажлын хэсэг гаргасан. Дээрээс нь бид буюу С.Зоригийн фракцийнхны шахалтаар УИХ-д ажлын хэсэг байгуулсан юм. Энэ ажлын хэсгийг байгуулахын эсрэг байсан хүн нь мөн л Ц.Нямдорж. “Эрүүгийн хэрэгт парламентад ажлын хэсэг байгуулдаггүй” хэмээн эсэргүүцсэн. Гэтэл тэр хэрэгт парламентын хяналтын зөвлөл байгуулах шийдвэр хамгийн зөв байсан. Тиймээс би Ц.Нямдоржийг гайхдаг бас харддаг” гэж ярьсан байдаг. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг бужигнуулдаг. Тэрбээр дөрвөн удаа ажлын хэсгийг тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байв.

Гол нь хууль, хяналтынхан өнөө хүртэл захиалагч нь тодорхой болоогүй хэрэгт гурван иргэнийг гэм буруутайг нь нотолж, 22-25 жилийн чанга дэглэмтэй, биеэр эдлэх ял ногдуулаад гурван жил гаруйн нүүр үзэж байна. Ц.Нямдорж сайдын хэлснээр эрүү шүүлт тулган байж С.Зориг агсны амь насыг хөнөөснийг нь улайлгаж, хэргийг нь хүлээлгэсэн атлаа Б.Хурц нар захиалагчийнх нь нэрийг тэдний амнаас унагаж чадаагүйд нь гайхах хүн олон бий. Зарим нь бүр “Энэ хэрэг ахуйн сэдэлтэй гэмт хэрэг. Захиалагч энэ тэр гэсэн хүн огт байхгүй. Улстөрчдийн зохиол, өөрт ашигтайгаар ашиглаж болох үйл явдал” гэх нь бий. Гэхдээ ийм маягийн бор шувууг Ц.Нямдорж тэргүүтэй хэсэг бүлэг хүн нисгэх дуртайг эх сурвалжууд онцолдогийг мартаж болохгүй.

Гэвч тэр өнөөдрийг хүртэл захиалагчийг зарласангүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн адилаар “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг удахгүй илрүүлнэ. Бид илрүүлэхээр ажиллаж байна” хэмээн улс төр хийгсэд, ам гарагсадыг тоолох аргагүй олон.

“Энэ хэрэг захиалгатай үйлдэгдсэн нь тодорхой”

Тэгвэл уг хэргийг захиалагчтайг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ынхантайгаа эвдрэлцэж явахдаа хэн нэгнийг илчлэх гэж адгаж байсан нь үнэний хувьтайг С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийг 2013 оноос ахалсан, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх асан Г.Эрдэнэбат дараах байдлаар хэвлэлд ярьсан байдаг.

Тодруулбал, “Энэ хэрэг захиалгат гэдэг нь тодорхой л доо, хэн ч үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ би одоо үргэлжилж байгаа мөрдөлтийн нууцыг задлах эрх алга даа. Одоо ийм үед бүүр хэцүү. Дарин дээр давс нэмнэ. Гэхдээ гүйцэтгэгч нар бүгд захиалагч нь хэн бэ гэдгийг асуухаар олигтой юм олдохгүй тал бий. Ц.Амгаланбаатар дандаа худал ярьж хэргийг будилуулах гэж оролддог хүн. Их өөр өөр юм ярина. Ц.Амгаланбаатарын мэдээллээр шалгалт хийж Б.Содномдаржаа,Т.Чимгээ нарыг олсон.

Гэхдээ Б.Содномдаржаа өөр зүйлээр хэргээ нотолсон хүн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр хоорондоо ярьсан яриагаар тэр мессэж явуулсан гэх баримтаар нотлоод эхэлсэн. Т.Чимгээ хажуудаа байгаа хүндээ хэргээ яриад эхэлсэн. Ингээд захиалагчийн шалгах ажлын хэсэг үргэлжлүүлээд ажиллаж байсан. Одоо ажлын хэсгүүд бүгд өөрчлөгдсөн. Бүх хүмүүсийг өөрчилж байгаад цаашаа явах юм гэсэн. Шинэ ажлын хэсэг гурван жилийн гүйцэтгэх ажлыг, хоёр жилийн мөрдөн байцаах ажлыг мэдэхгүй. Захиалагчийг шалгах ажлын хэсэг зарим хүмүүст маш аюултай байгаад байна л даа, тэгээд саад болж эхэллээ.

. Би юу хэлэх ёстойгоо мэдэхгүй байна” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ түүний ахалсан ажлын хэсгийг захиалагчийн араас мөрдөж эхлүүт тараасан. Энэ талаар тэрбээр “С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг уул нь амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан.

Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа. Хэргийг илэрч эхлээгүй мэт харагдуулж байна. Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой. Бүүр хорих ангид хүртэл очиж мэдүүлгээсээ буцах хүртэл дарамт үзүүлж байна. Тийм болохоор би ярих боломжгүй. Гэхдээ тодорхой нэр усгүйгээр хэлэхэд энэ хэргийг задлах сонирхолтой хүмүүс байх шиг байна. Өөр илүү зүйл ярих боломжгүй хуулиараа” хэмээсэн.

Гэрчтэй, захиалагчтай мөртлөө эцэслэгддэггүйн учир

Уг хэргийн цорын ганц амьд гэрч, С.Зориг агсны эхнэр Б.Булган ял эдэлж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “Алуурчид биш” хэмээн мэдүүлдэг гэдэг. Энэ талаар Г.Эрдэнэбат прокурор “Б.Булган энэ гурван ялтанг биш гэдэг. Эхлээд зургийг нь үзүүлэхээр энэ ч юм уу гэж заадаг Б.Содномдаржааг. Тэгээд мөрдөн байцаагчид нь ямар итгэл үнэмшил төрсөн юм гэхээр Б.Булган энэ хэргийг илрүүлэх сонирхолгүй гэсэн бодол таамаг төрсөн байдаг. Яагаад гэхээр гэрчүүдийн мэдүүлэг хэргийг үйлдсэн гэх хэрэгтнүүдийн мэдүүлэг өөрсдийн нь мессэж илчлээд байхад Б.Булган хүлээн зөвшөөрдөггүй. “Б.Булган эдэнд туслаад байна” гэсэн үндэслэлээр хамтрагч гэж шалгасан. Гэхдээ илрүүлж чадаагүй. Гол гэрч нь яалт ч байхгүй ганц амьд гэрч нь Б.Булган. Өөр хэн байх юм. Б.Булганыхаар энэ гурван хүн биш юм байж. Гэтэл бүх нотлох баримтаар нотлогдоод байна. Эрдэнэтэд амьдардаг хүн С.Зоригийн хэргийг асуугаад түүгээр эргэлдээд байдаг. Т.Чимгээ нь Б.Содномдаржаад “Шоронгоос ярилаа. Хэргийг чинь илчилнэ” гэхээр нөгөөх нь “Юу яриад байгаа юм. Мэдэхгүй гэж хэл” гэж хоорондоо ярьдаг. Тэгээд Б.Содномдаржаа нь Т.Чимгээгээ “Чи ямар амьтантай нийлээд яваад байгаа юм. Наад хүнээсээ хол бай. Асуудал үүсэх вий” гэж хоорондоо ярьдаг. Хүнээс нууцаар хоорондоо уулзаад байдаг. Ингээд байхаар хэрэг мөрдөж байгаа хүмүүс сэжиглэдэг юм байгаа биз дээ, энэ хоёр зүгээргүй байна гэж” хэмээсэн. Хэрвээ тэрбээр мөрдөж, шалгаж байсан баримтдаа үндэслэн ярьсан бол үүнээс илүү үнэн гэж байхгүй.

Б.Энх

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.