Токио 2020 зуны Олимпийн 32 дахь удаагийн наадам болон Паралимп коронавирус цар тахлын тархалтын улмаас жилийн хугацаагаар хойшилж дараа жилийн зун болохоор шийдвэрлэжээ.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Олимпийн наадмыг хойшлуулах саналыг дэмжиж, Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бахтай зуун хувь санал нийлж буйгаа илэрхийлсэн байна.
Олон улсын Олимпийн хороо дөрвөн долоо хоног буюу сарын хугацаанд Олимпийн наадмыг хойшлуулах эсэх болон хойшлуулах хугацааг шийдвэрлэхээр төлөвлөсөн ч дэлхийн хэмжээнд цар тахлын тархалт хурдацтай нэмэгдсээр байгаа тул улс орнуудын Олимпийн хороод, тамирчид нэн даруй шийдвэр гаргахыг шаарджээ. Канад улсын Олимпийн хороо нэн түрүүнд Токио 2020-д тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдсэний дараа бусад орнууд ч мөн Токио 2020-д бус 2021-т тамирчдаа сойно хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.
Олимпийн наадам 1896 онд анх зохион байгуулагдаж байсан 124 жилийн түүхэндээ хойшлогдож байсан удаагүй тул энэ удаагийнх анх удаа Олимп болон Паралимпийн наадмыг хойшлуулж буй үйл явдал тохиож байна. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайны он жилүүд болох 1916, 1940, 1944 онуудад цуцлагдаж байжээ. Харин 1980 оны Москвагийн Олимп, 1984 оны Лос Анжелесын Олимп Хүйтэн дайны үед эсэргүүцэлтэй тулгарч байсан ч амжилттай зохион байгуулагдсан түүхтэй.
Эх сурвалж: ВВС Sport