Коронавирусийн халдвар дэлхийн 197 орон, тусгай бүсэд 421,000 тохиолдол илэрч, 18,000 гаруй хүн нас барсан тухай мэдээлжээ. Дэлхийн нийт Ковид-19 гэх аймшигт цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед хүн амаараа хоёрдугаарт ордог Энэтхэг улс орон даяар хорио цээрийн дэглэмд шилжих шийдвэр гаргалаа. Ингэснээр Энэтхэгийн 1,3 тэрбум иргэн 21 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд шилжиж байна.
Тус улсад коронавирусийн халдварын 536 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ. Ерөнхий сайд Нарендра Моди телевизээр хийсэн мэдэгдэлдээ ард иргэдийг гэрээсээ гарахыг бүрэн хориглож байна гэдгийг хэлсэн байна. Мөн хорио цээрийн дэглэмд шилжихээр болсныг хэт сандарч хүлээж авахгүй байхыг уриалсан ч түүний мэдэгдлийн дараа нийслэл Дели болон бусад хотуудад дэлгүүр, худалдааны төвүүд бужигнаж үймсэн олноор дүүрчээ.
Нарендра Моди үргэлжлүүлэн “Улс орны хот, тосгод, гудамж талбай бүхэлдээ хорио цээрийн дэглэмд шилжих болсон нь Энэтхэг улс, иргэн бүрээ, таныг, таны гэр бүлийг аймшигт өвчнөөс аварч хамгаалахын тулд гаргасан шийдвэр юм. Хэрэв бид шаардлагатай гэж үзвэл хөл хорионы дүнд учирсан эдийн засгийн хохирлыг нөхөн барагдуулах болно” хэмээн мэдэгджээ.
Дели, Мумбай зэрэг санхүүгийн төв болсон хотуудад эм бэлдмэл, хоол хүнсний ханган нийлүүлэлтийг Засгийн газраас батлан даасан ч хомсдол үүснэ гэж иргэд сэрэмжилж байна. Нийслэлд хүнсний дэлгүүр ажиллуулдаг эрхмийн ярьснаар будаа, гурил, талх, жигнэмэг, тос зэрэг бүх бараа бүтээгдэхүүн нь зарагдаж дуусчээ. Уттар Прадеш мужийн Газиабад хотод цагдаагийн ажилтнууд чанга яригчаар оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.
Хорио цээрийн дэглэмийн үеэр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бол жижиг дунд бизнес, бүрэн дунд боловсролын сургууль, их сургуулиуд хаагдаж, олон нийтийн бүх арга хэмжээг цуцлах ажээ. Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн этгээдэд хоёр жил хүртэл хугацаанд хорих ял, их хэмжээний торгууль оноох юм байна. Энэтхэг улс хэдий нь гадны болон дотоодын нислэгүүдийг хорьсон ба зарим мужууд дотооддоо хөл хорио тогтоож эхлээд байсан юм.
Эх сурвалж: ВВС