Дэлхийн баруун хэсэгт коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж хорио цээрийн дэглэм идэвхтэй хэрэгжиж байх зуур халдвар анхлан тархсан БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод хоёр сарын дараа хорио цээр тавигдаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна.
Олон долоо хоногийн турш нам гүм байсан Ухань хотод хорио цээр бага багаар буюу хэсэгчлэн тавигдаж эхэлжээ. Хотын оршин суугчид цөөн тоогоор гэрээсээ гарч эхэлсэн дүр зураг ажиглагджээ. Иргэд хотын гудамжаар алхаж, хүнсний дэлгүүрүүдээр явах болсныг The Guardian онцлов.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотод анхны гал тэрэг ирсэн байна. Уг галт тэргэнд Хубэй мужийн бусад хотуудаас Уханьд ажилладаг 1,000 гаруй ажилчин иржээ. Ням гарагт хотын эрх баригчид ажилчид халуураагүй, биеийн байдал эрүүл, коронавирусээр халдварлаагүй гэдгээ баталсан бичигтэй бол ажилдаа эргэн орохыг зөвшөөрсөн байна.
Мөн өөр хотод амьдардаг ч гэнэтийн хөл хорионд орж, нэгдүгээр сараас хойш Уханьд үлдсэн иргэд гэртээ харих зөвшөөрлийн бичиг хүсч эхэлжээ. Эх сурвалжийн дамжуулснаар оршин суугчид хаа нэг тийш явах шаардлагатай бол вирусээр халдварлаагүй гэдгээ батлах журам хэрэгжиж байна. Иргэн бүр тун анхааралтай, сонор сэрэмжтэйгээр хотын хөдөлгөөнд оролцож байгаа ажээ.
Энэ хооронд Хятадын нийслэл Бээжин хотод даваа гарагаас автозамын түгжрэл ажиглагдаж эхэлсэн нь иргэд өдөр тутмын амьдралдаа шилжиж буйг харуулж байна. Даваа гарагт Хятадад коронавирусийн 39 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь гадны орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байгаа юм. Тиймээс эрх баригчид гаднаас вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэрэмжилж, ням гарагт Бээжинд буух олон улсын бүх нислэгүүдийн чиглэлийг бусад хотууд руу зааж, зорчигч нэг бүрийг нийслэлд нэвтрүүлэхдээ вирус илрүүлэгч төхөөрөмж ашиглахаар болжээ.
Бээжин хотоос гадна Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотууд олон улсын зорчигчдыг шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: New York Post