Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэнээс хоёр ихэр /эр, эм/ ботго төржээ. Малчин Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж, 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо “Баруун бор үзүүр” гэдэг нутагт хаваржиж байна хэмээн Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ.
Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр, эм хоёр ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлгэдэл хэмээн бэлгэшээж ирсэн уламжлалтай билээ.