Монгол улсын Сонгуулийн тухай хуулинд зааснаар улс төрийн намууд Үндэсний аудитын газарт Мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа:
-"Монгол хүн Хөгжлийн бодлого" мөрийн хөтөлбөртөө монгол хүний амьдралд эрс өөрчлөлт, өсөлт оруулж, дэлхийн дундаж орлоготой болгохыг гол болгосон. Бүтээдэг, сэтгэдэг хэсгээ бид дэмжинэ. Түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, боловсруулдаг, нэмүү өртөг шингэдэг болгоно. Цалингийн доод хэмжээг 3 сая төгрөг болгоно. Үнэгүй орон сууц өгөхийг урьтал болгох биш орлогоороо орон сууцтай болох бодлого хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд асан, АН-ын дэд дарга Р.Амаржаргал:
-ҮАГ хуулийн тав хоногийн хугацаанд манай Мөрийн хөтөлбөрийг судалж, шинжилнэ. Үүний дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Манай Мөрийн хөтөлбөрт хөгжлийн бодлогын төвд өрх гэрийг оруулснаараа онцлогтой.