Олон улсын олимпийн хороо уржигдар шуурхай хуралдаан зарлаж, “Токио-2020” олимпийн наадмыг хойшлуулах боломжтой эсэх талаар хэлэлцлээ. Эцсийн шийд гараагүй байгаа ч Канад зэрэг орон тамирчдаа оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн нь олон улсын анхааралд өртөөд байна. Мэдэгдэлд “Энэ нь зөвхөн тамирчдын эрүүл мэндийн асуудал биш, дэлхийн хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал” хэмээжээ.
“Токио-2020” олимпийн наадам хойшлох талаар ид яригдаж байх үест Монголын улс төрчид, тэр тусмаа эрх баригчид УИХ-ын сонгуулийг хойшлуулах талаар ганц ч үг ганхийхгүй л байна. Угтаа бол корона вирусийн эсрэг чангахан хязгаарлалтын арга хэмжээ авч байгаа шигээ сонгуулийг хойшлуулж, ЭМЯ-ны өчигдрийн хэвлэлийн хурлаар мэдэгдсэнчлэн хоёроос дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх учиртай юм.
Нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаагүй ч намууд тойргийг хувааж, нэр дэвшигчдийг эхний байдлаар зоож, нэр дэвшихээр горилогчид тойргоо услаад эхэлчихсэн байгаа нь нууц биш. Тойрог услах ажил үнэндээ аль найм, есөн сарын өмнөөс эхэлчихсэн байгаа билээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр зарим улс орнууд иргэдээ аль болох бөөгнөрүүлэхгүй байх арга хэмжээг авч, хэрэв олуул цугласан бол торгуулийн арга хэмжээ авна гэдгээ хатуу мэдэгдээд байгаа. Гэвчиг Монголд сонгуулийн далд сурталчилгаа эхлээд, нэр дэвшигчид чимээ амиагүйхэн үүрүүдээ байгуулж, уулзалт, яриа таниулга, хурал хуй, хүлээн авалтаа эрчимтэй эхлүүлж, хүмүүсийн бөөгнөрөл, цугларалт хийхийг юман чинээ тоохгүй байна.
Албаныхан сонгууль хойшлуулахгүй байх үндэслэлээ “Санал авах байранд ирж нэр дэвшигчийг дугуйлахад тавхан минут болно” хэмээн өхөөрдмөөр тайлбарлаж байгаа боловч, сонгууль хийнэ гэдэг заавал олон нийтийг цуглуулж, бөөгнөрүүлж, уулзалт яриа таниулга хийж байж явагддаг урт удаан хугацааны процесс гэдгийг найман настай хүүхэд ч өдгөө ойлгож байгаа.
ДЭМБ ард иргэдээ аль болох бүү бөөгнүүл хэмээн уриалж, олимпийн наадам хүртэл хойшлох дээрээ тулаад байхад Монголд сонгууль болдгоороо болж дэлхийн нүд, чихийг дэлдийлгэх юм биш биз дээ?!