Одоогоос 2400 жилийн тэртээ худалдаа хийдэг байсан эртний Грекийн хөлөг онгоцыг Болгар улсын далайн эргийн ойролцоогоос олжээ.
Англо-Болгарын хайгуулчдын ажлын дүнд 23 метр урт хөлөг онгоцыг Хар тэнгисийн ёроолоос илрүүлсэн байна.
Уг хөлөг хүн төрөлхтөний олсон хамгийн эртний хөлөг онгоц болж байгаа юм.
Судлаачид Грек дарсны сав, залуур, эгнэсэн вандан сандлууд бүхий хөлөг онгоцыг хараад гайхширсан байна.
Хайгуулын багийн гишүүн Хэлэн Фаррын ярьснаар “огт өөр ертөнцөд орсон мэт санагдсан. Алсын удирдлагатай хайгуулын төхөөрөмж доошлоход хөлгийн ёроолд гэрэл тусч үнэхээр төгс харагдаж өнгөрсөн үед очсон мэт байсан” гэжээ.
Грекийн худалдааны хөлөг МЭӨ 400 оны түүхийг харуулсан нандин олдвор бөгөөд далайн ёроолд 2,000 метрийн гүнд маш сайн хадгалагдан үлджээ.
Болгарын Бургас хотоос 80 орчим км-т олдсон хөлөг Газар дундын тэнгис болон Хар тэнгис дэх Грекийн колони байсан газруудын хооронд тээвэр хийдэг байсан гэж үзжээ.
Чухам ямар бараа тээвэрлэж байсныг хараахан олж мэдээгүй байна. Хөлгөөс олдсон дарсны савыг хаанаас ирснийг нь тогтоовол зарим мэдээлэл тодорхой болно гэжээ.
Гурван жилийн турш үргэлжилж байгаа төслийн хүрээнд археологичид 67 живсэн хөлөг олж илрүүлээд байна. Эдгээрийн дунд 17 дугаар зууны үеийн алдарт Коссак байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com