Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19 цар тахлын тархалт дэлхийн бараг бүх улсад хурдацтайгаар тархаж байна гэдгийг анхаарууллаа. Дэлхий даяар 195 улс, тусгай бүсэд коронавирусийн 378,000 тохиолдол илэрч, 16,500 хүн нас бараад байна.
Ковид-19 анх илэрснээсээ хойш 67 хоногийн дотор эхний 100,000 тохиолдол бүртгэгдсэн бол дараагийн 11 хоногт хоёр дахь 100,000, харин ойрын дөрөв хоногийн дотор халдварлагсдын тоо хэдий нь 300,000 хол давжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейвиус “үүсээд буй нөхцөл байдлыг өөрчлөх боломж одоо ч бидэнд бий, хамгийн гол нь бидний юу хийж байгаа чухал. Хөлбөмбөгийн тэмцээнд хамгаалалтгүйгээр ялах боломжгүйтэй адил. Ялахын тулд хамгаалахаас гадна тактик боловсруулж дайрах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс сэжигтэй тохиолдол бүрийг шинжлэх, тусгаарлах, тусгаарлагдсан иргэдтэй холбоотой хүмүүсийг тандаж олох, нэгэнт коронавирусийн халдвар авсан тохиолдолд эмчилгээгээ сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал байгааг онцолжээ.
Түүнчлэн халдварлагсдын дунд тэдэнд тусалж, эмчилж байсан эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилтнууд их байгаа нь тэднийг хамгаалах хувцас, хэрэглэл дутмаг байгааг харуулж байна гэж ДЭМБ-ын тэргүүн үзжээ.
Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Европ, АНУ-д байдал улам бүр дорджээ. Итали улсад халдварын 5,000 орчим тохиолдол нэмэгдэж, нийт 64,000 орчим иргэн коронавирусийн халдвар авсан ба нэг хоногийн дотор 601 хүн нас барснаар нийт 6,077 иргэн нас барсан байна. Энэ нь халдвар анх илэрсэн БНХАУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн тооноос хоёр дахин их байгаа юм. Итали улсын дараа АНУ-д халдварын 10,000 тохиолдол нэмэгдэж, 133 хүн нас барснаар нийт 43,700 тохиолдол бүртгэгдэж, 546 иргэн нас барлаа.
Испанид хоногт 539 иргэн нас барж, халдварын тохиолдол 35,000 давж, 2,300 гаруй иргэн нас барсан бүртгэлтэй байна. Мөн Франц, Герман хөрш орнуудад халдварын тохиолдол тус бүр 4,000 орчим нэмж илэрчээ.
Эх сурвалж: ВВС