ОХУ нь коронавирус анхлан тархсан БНХАУ-тай хиллэдэг төдийгүй 146 сая иргэнтэй. Тус улсад халдварын 431 тохиолдол бүртгэгджээ. Харин ердөө 628,000 хүн амтай Европын Люксембург улсад бараг хоёр дахин их буюу 798 тохиолдол илэрсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ халдварын тархалтыг зогсоох шуурхай арга хэмжээ авч ажилласан ба нөхцөл байдал бүрэн хяналтанд бий гэжээ. Олон улсын эх сурвалжуудын үзэж байгаагаар өнгөрсөн нэгдүгээр сараас хойш халдвар тархсан ч хүн ам ихтэй гэхэд Орос улсад харьцангуй бага тохиолдол илэрч байна.
Цөөхөн хүн амтай Люксембургэд коронавирусээр халдварлаж найман хүн нас барсан бол Орост нэг хүн нас баржээ. Тиймээс Путины авч хэрэгжүүлж буй стратеги үр дүнгээ өгч байж болох юм.
Юун түрүүнд ОХУ нэгдүгээр сарын 30-ны өдөр Хятадтай хиллэдэг 4,200 км орчим хилээ хааж, тусгаарлах бүс байгуулан ажиллажээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Орос дахь салбар байгууллагаас нэгдүгээр сарын сүүлээс эхлэн сорил, шинжилгээг зааврын дагуу хэрэгжүүлсэн байна. Харин Америк тэргүүтэй өрнөдийн орнууд цар тахлын сорил, шинжилгээг хэт хожимдож буюу гуравдугаар сард эхлүүлсэн билээ.
ОХУ-ын мэргэжилтнүүд Америк, Европын өдийд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг хоёрдугаар сард өргөн хүрээтэй зохион байгуулж, нисэх буудлууд, Иран, Хятад, Өмнөд Солонгосоос ирсэн аялагчдыг өнгөрсөн сараас эхлэн шалгаж, шаардлагатай тохиолдолд тусгаарласан байна. Гэвч халдварын голомт болсон Итали, Европын холбооны бусад орнуудаас ирэх иргэдийг бүрэн хянаж чадаагүйгээс халдварлагсдын тоо нэмэгдсэн гэж үзэж байна. Учир нь ОХУ-д бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх хэсгийг Италиас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол эзэлж байгаа юм.
Нөгөө талаас Москвагийн эрх баригчид халдварын тархалтын талаар ил тод, үнэн бодит мэдээлэл өгөхгүй байж магадгүй гэсэн асуулт гарч иржээ. Чернобыл дэх цөмийн дэлбэрэлт, 1980-аад оны үеийн ХДХВ/Дох-ын тархалтын үед бодит байдлаас зөрсөн бага тоо баримт бүртгэсэн гэж сэрддэг. Энэ сарын эхэнд ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол 20,000-д хүрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаж, эрх баригчид үнэн байдлыг нууж байна гэсэн хардалт гарсан.
Мөн лабораторийн шинжилгээ оношлогоо бүрэн зөв эсэхэд эргэлзээ төрж байгаа. Хачирхалтай нь зөвхөн ганц лабораторид шинжилж байгаа гэж эх сурвалжид дурджээ.
Эх сурвалж: CNN