АНУ-ын эдийн засгийн шинжээчид “Ам.долларын ханш чангарч, түүхий эдийн ханш буурснаас хөгжиж буй орнуудын зах зээлд дарамт болж, облигацын зах зээл 1990-ээд оны сүүлчээс хойших хамгийн доод түвшинд хүрэхээр байна. Ингэснээр дэвшилтэт технологийн компаниудын хувьцааны ханш тогтворгүй боллоо” хэмээгээд 20 гаруй жилийн өмнөхтэй адил санхүүгийн хямрал давтагдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулжээ. 1997-1998 оны санхүүгийн хямрал Тайландын үндэсний мөнгөн тэмдэгт баттын ханш унаснаас үүдсэн.
Улмаар энэ нь бусад хөгжиж буй орнуудын зах зээлд нөлөөлж, 1998 онд ОХУ-д дампуурал болсон. Гэхдээ энэ удаад тохиож болзошгүй хямрал 20 гаруй жилийн өмнөх Азийн хямралтай харьцуулахад бага зэрэг ялгаатай гэдгийг “Bank of America” банкны шинжээчид онцолж байна. Одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө Америкийн шинжээчдийнхтэй адил таамгийг Дэлхийн банк болон “Bloomberg” гаргаж байсан. Түүнчлэн “Ukropnews24” сайтад мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санхүүгийн хямрал болох магадлалтайг таамаглаж байсан аж. 1998 оны санхүүгийн хямрал ОХУ-ын хувьд хамгийн хүнд тусаж, хойд хөршийн түүхэн дэх хамгийн хүнд эдийн засгийн хямрал болон хувирсан. Рублийн ханш гурав дахин хямдарсан юм. Тодруулбал, хямралын өмнө нэг ам.доллар зургаан рубльтэй тэнцэж байсан бол 1999 оны нэгдүгээр сарын байдлаар нэг ам.доллар 21 рубльтэй тэнцэх болжээ. Хямралын улмаас ОХУ дэлхийн олон бүсэд хүчирхэг байсан нөлөөгөө алдсан гэж ажиглагчид үздэг.
Сүүлийн 100 орчим жилийн хугацаанд дэлхийн хэмжээний эдийн засгийн арав гаруй томоохон хямрал тохиожээ. Дэлхийн I дайны дараа 1914 онд болсон хямрал нь дайны зардлаас үүсэлтэй. Их Британи, АНУ, Франц болон Германы Засгийн газар дайныг санхүүжүүлэхээр их хэмжээний үнэт цаас, бонд, өрийн бичиг гаргажээ. Энэ хямрал Оросын эзэнт гүрнийг сүйрүүлж коммунизмыг төрүүлсэн гэж үздэг. Харин 1929 онд болсон хямрал Нью-Йоркийн хөрөнгийн биржээс үүдэлтэй. Тухайн үед үнэт цаасны ханш 70 гаруй хувиар унаж, АНУ-ын санхүүгийн ертөнцтэй холбоотой орнуудын олон үйлдвэр, аж ахуйн нэгж хаалгаа барьжээ. Энэ хямрал 1933 он хүртэл үргэлжилж Германд фашизм “төрүүлсэн” гэж үздэг.
Харин 1973 онд АНУ-д нефтийн хямрал болж, газрын тос экспортлогч орнууд ханшаа буулгаж, олборлолтоо багасгаад зогсохгүй, үнийг зохиомлоор хөөрөгдөх оролдлого хийгээд үр дүнд хүрээгүй. Тэгвэл 1990-ээд онд Мексикт болсон хямрал нь гадаадын хөрөнгө оруулалтаас үүдэлтэй. Тухайн үед Мексикийн Засгийн газар гаднын асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Харамсалтай нь эхний хөрөнгө оруулалт буцаж, төсөл хэрэгжиж дуусахад эдийн засаг хүчтэй хямарч эхэлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулагч нар буцаж гарахдаа тухайн улсын их хэмжээний баялгийг хамж гарчээ.
Харин 1998 онд Азид болсон хямрал Дэлхийн II дайны дараахь хамгийн том хямралд тооцогддог. Энэ хямрал Азийн орнуудаар зогсохгүй дэлхийн нийт ДНБ-ийг их хэмжээгээр буурахад хүргэжээ. Хамгийн сүүлд буюу 2000 онд болсон томоохон хямрал бол АНУ-аас үүсэлтэй орон сууцны урт хугацааны зээлээс эхлэлтэй. Тухайн үед Засгийн газрын баталгаагаар 20 гаруй сая иргэн ямар ч барьцаагүйгээр орон сууцны зээл олгосон гэдэг. Иргэд эхнээсээ зээлээ төлж чадахаа болиход даатгалын компаниуд сүйрч, улмаар банкуудаа аюулд оруулжээ.
Эх сурвалж: https://ukropnews24.com
Ц.Даваасамбуу