Энэ зун Японы нийслэл Токио хотод болох 32 дахь удаагийн зуны Олимпийн наадмыг жилийн хугацаатай хойшлуулах эсэхийг Олон улсын Олимпийн хороо ирэх хоёр долоо хоногоос сарын хугацаанд хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн спортын эх сурвалжууд дамжуулж байсан юм.
Шинэ долоо хоногийн эхэнд олон улсын тамирчдын холбоо болон зарим улс орнууд ард түмэн, тамирчдын эрүүл мэндийг хамгаалж энэ жилийн зуны Олимпийг хойшлуулах хүсэлтээ гаргаад байна. Юун түрүүнд Канад улс баг тамирчдынхаа эрүүл мэндийн төлөө Токиогийн 2020 оны Олимпод оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Үүний дараа Австрали улс баг тамирчдаа 2020 оны Олимпод биш 2021 онд болох Токиогийн Олимпод бэлдэхийг уриалж байгаа гэдгээ мэдэгджээ.
Олимпийн наадмыг зохион байгуулахаар бэлдэж буй Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр өглөө Парламентын ордонд хийсэн мэдэгдэлдээ анх удаа зуны Олимпийн наадмыг зайлшгүй шаардлагаар хойшлуулж болзошгүй гэдгийг онцлон дурдсан байна. Тэрбээр долдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийхээр төлөвлөсөн Олимпийг Ковид-19 цар тахлаас хамгаалж, аюулгүй зохион байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй байвал хойшлуулах болно гэжээ.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар Канадыг дагаад бусад улс орнуудын Олимпийн хороод ч мөн энэ жилийн наадамд баг тамирчдаа илгээхээс татгалзаж магадгүй юм. Япон улс наадмын зохион байгуулалтад хэдий нь 30 тэрбум ам.доллар зарцуулсан тул наадмыг хойшлуулах нь эрсдэлтэй байж болох ч цуцлах шийдвэр гаргавал түүнээс ч хүнд байдалд орно.
Эх сурвалж: ВВС