Коронавирусийн халдвар дэлхийн 192 орон, тусгай бүсэд илэрч 336,000 хүн халдварлаж, 14,600 хүн нас бараад байна. Тэр дундаа Европ, Америкт өнгөрсөн амралтын өдрүүдэд халдварын тохиолдол үргэлжлүүлэн нэмэгдлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Герман улс хорио цээрийн дэглэмээ чангатгаж, хоёроос дээш хүн цугласан олон нийтийн арга хэмжээ, уулзалт цугларалтыг хориглох шийдвэр гаргалаа. Канцлер Ангела Меркел ард иргэдэд хандан хийсэн мэдэгдэлдээ бидний өөрсдийн биеэ авч яваа зан байдал вирусийн тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцолжээ.
Түүнчлэн хүнсний бус худалдааны төвүүдийг хаагаад байсан бол нэмж үсчний газар, гоо сайхны үйлчилгээний төв, алжаал тайлах массажны газруудыг нэмж хаалаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Германы канцлерт уушгины хатгалгаа өвчин үүсгэгч нянгийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга тарьсан эмч коронавирусийн халдвар авсан байсныг илрүүлжээ. Тиймээс канцлер үүсч буй эрсдэлээс урьдчилан сэргийлж өөрийгөө тусгаарлаад байгаа юм. Ирэх өдрүүдэд 65 настай канцлер коронавирусийн шинжилгээ сорилт давтан өгч, гэрээсээ ажиллахаар төлөвлөжээ.
Европын хамгийн том эдийн засагтай Герман улсад Ковид-19-ын 25,000 орчим тохиолдол илэрч, 94 хүн нас барсан байна.
Энэ хооронд Хятадын дараа халдварын хоёр дахь том голомт болоод буй Итали улсад өчигдөр хоёр дахь удаагаа 24 цагийн дотор хамгийн олон иргэн нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Ням гарагт 651 хүн нас барснаар тус улсад нийт 5,476 иргэн коронавирусээс болж нас бараад байна. Хоёр долоо хоногийн турш ард иргэдийг хорио цээрийн дэглэмд шилжүүлээд байгаа ч халдварын тохиолдол хоногт 5,000 гаруйгаар нэмэгдэж нийт 59,138 боллоо.
Түүнчлэн халдварын тархалт хурдацтай нэмэгдэж буй Испанид нэг хоногийн хугацаанд хамгийн олон буюу 394 иргэнээ коронавирусээр алдаж улс даяар 1,750 хүн нас барж, халдварын 28,600 тохиолдол илэрчээ. Харин АНУ халдварын гурав дахь том голомтоор нэрлэгдэж, 32,783 тохиолдол бүртгэж, 416 хүн нас барсан байна.
Дэлхийн удирдагчид үүссэн нөхцөл байдлыг дайн тулааны үетэй харьцуулж, онц байдал, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн сунгах хэрэгтэй гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС