Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны Цэргийн бүртгэлийг нийслэлийн 173 хорооны байранд өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 7-ны 19:00 цаг хүртэл хийхээр болсон билээ.
Энэ сарын 3-ны өдрийн байдлаар цэргийн бүртгэлийн явц хэр байгаа талаар Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнайгаас тодрууллаа.
Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр цэргийн бүртгэлийг явуулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 75 хувьтай байна. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийдэг. Тухайн иргэн заавал өөрийн биеэр гэлтгүй холбогдох бичиг баримтыг ойр дотны хүндээ өгч бүртгүүлж болно. Тухайн иргэн оршин суугаа харьяандаа амьдарч байна уу, ам бүл нэмэгдсэн эсэх, утасны дугаар солигдсон уу зэрэг мэдээллийг бүртгэн авдаг.
Цэргийн бүртгэлд хамрагдахгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.
Энэ жил 360 гаруй мянган иргэнийг бүртгэхээр тооцсон байгаа. Хоёрдугаар сарын 7-ны 19:00 цаг хүртэл бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоно. Өнгөрсөн жил цэргийн бүртгэлд хамрагдах иргэдийн 3.2 хувь нь бүртгүүлээгүй тул эргүүлэн дуудаж, торгосон байгаа" хэмээв.
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч