Өнөөдөр дэлхийн яруун найргийн өдөр тохиож байна.
ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан бөгөөд 1999 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн юм.
Энэхүү өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнууд үе үеийн шилдэг яруу найрагчдынхаа бүтээл туурвилыг сурталчлах, хойч үедээ таниулан сурталчлах, тэдний шилдэг бүтээл туурвилыг задлан шинжилсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, илтгэл хэлэлцүүлэг хийх, орчин цагийн яруу найргийн шилдэг бүтээлүүд, чиг хандлагыг тодорхойлох зэрэг ажлуудыг хийн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Яруу найраг бол аливаа ард түмний оюун санаа, сэтгэлгээ, хэл найруулга, утга уянгын дээд илэрхийлэл байдаг билээ. Монголын зохиолчдын эвлэл, Монголын соёл, яруу найргийн академиас энэхүү өдрийг тохиолдуулан аливаа өдөрлөг уулзалт зохион байгуулсаар ирсэн хэдий ч энэ жил коронавирусийн тархалт дэгдэж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор олныг хамарсан арга хэмжээ зохиохгүй юм байна.
Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан уншигч та бүхэндээ Монгол улсад орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Дашдоржийн Нацагдоржийн 1935 онд бичсэн “Дөрвөн улирал” хэмээн сод их туурвилыг толилуулж байна. Их зохиолчийн энэхүү бүтээл нь дөрвөн улирлын шинж төрхийг тухайн улиралд гаргадаг хүний сэтгэл зүйн өөрчлөлт уялдаатай нь холбон илэрхийлсэн утга уянгын төгс илэрхийлэл юм.
Хорьдугаар зуунд Монголд алдар суутай агуу их найрагчид олон төрсөн боловч жилийн дөрвөн улирлын шинж байдал, сэтгэл зүйн онцлог ялгааг ийм гайхалтай харуулсан бүтээлийг тэдний хэн нь ч бичиж чадаагүй юм.
Тухайн үеийн Монголын шилдэг яруу найрагчдын дунд зохион байгуулсан яруу найргийн уралдаанд (одоогийнхоор Болор цом)-нд Д.Нацагдоржийн “Дөрвөн улирал”, С.Буяннэмэхийн “Дөрвөн цаг” хэмээх шүлгүүд шалгарч тунажээ. Гэвч уг наадмын шүүгч нар шалгарч үлдсэн хоёр шүлэг нэгдүгээр байранд тэнцэхүйц байж чадаагүй хэмээн дүгнэж, хоёуланг дэд байр эзлүүлж байсан түүхтэй.
Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Зун
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай
Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно
Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.
Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ
Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.
Өвөл
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ
Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана
Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй