Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдоод байсан УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчний учир оролцох боломжгүй” гэх шалтгаанаар хойшилжээ.
Чухам ямар асуудлаар, юуны учир шүүхэд дуудагдсаныг УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатартай утсаар холбогдон тодруулахад “Би Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж байхдаа албандаа хэрэглэх зорилгоор Лексус-570 маркийн авто машиныг Баянзүрх дүүргийн иргэн Б.Энх-Амгалан гэх хүнээс 153 сая төгрөгөөр худалдан авсан юм. Гэтэл хэтэрхий өндөр үнээр машин худалдан авч УБТЗ ХНН-ийг хохироосон хэмээн шүүхэд дуудаад байх боллоо. Дараагийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 03-ны өдөр товлогдлоо. Уг нь ч сүйдтэй юм биш л юм байгаан” гэв.
Хэргийг сануулбал, Л.Пүрэвбаатар нь УБТЗ ХНН-ийн даргаар ажиллаж байхдаа 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр эхнэрийнхээ захирлаар нь ажилладаг “Нимонс” ХХК-ийн эзэмшлийн 00-36 УНТ улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдэж, 2012 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр орж ирсэн хуучин “Лексус 570” маркийн суудлын автомашиныг 153 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэтэрхий өндөр үнээр худалдан авч байгууллагаа хохироосон гэх дуулиан дэгдэж байсан билээ.