Францийн 16-р Людовиг хаан нэгэнтээ “би бол төр” хэмээн өөрийгөө өргөмжилж байсан гэдэг. Харин манайд түүнтэй адилтгахуйц өөрийгөө өргөмжилдөг улс төрчид, төрийн түшээд бий. Хамгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн А.Сүхбат “БӨХ БОЛ ТӨР ЮМ” хэмээн хэлсэн удаатай. Түүнийг тухайн үед нь тэнэг, муйхарыг нь гайхан зэвүүцэж байсан ч өнөөдөр түүний үг биелэлээ олж байх шиг. Энэ үг санаандгүй хэлсэн үг ч биш бололтой.
Монгол улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн тамирчин гэдгийг монгол даяараа мэднэ. Тэр их дээд сургууль төгссөн эсэх нь бүрхэг нэгэн. Гэхдээ монгол төрийн тэргүүн суудалд сууж буй.
Түүнээс гадна монголын төрд хэд хэдэн бөх бий.
Юун түрүүнд УИХ-ын гишүүн, Монгол үндэсний бөхийн дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ тэргүүн эгнээнд бичигдэнэ. Тэр парламентад дөрвөн удаа сонгогдон суусан эрхэм. Түүнийг өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга “их сургууль төгссөн гэдэг нь худлаа” хэмээн хэлж байсан удаатай ч төрд суусаар л буй.
Түүний дараа Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг нэрлэж болно. Мөн л Үндэсний бөхийн аварга. Бас л их, дээд сургууль төгссөн эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ л тэр яам хүртэл толгойлж байна.
Араас нь Үндэсний бөхийн аварга, “бөх бол төр юм” хэмээн тодорхойлогч Агваансамдангийн Сүхбат орно. УИХ-ын чуулган дээр хааяа нэг үг дуугарахдаа буруу зөрүү ярьж суудаг түүнийг олон нийт бөх л гэж харахаас төрийн түшээ гэж харах нь бараг нүдний гэм...
Гэхдээ тэд мэдлэгтэй, боловсролтой эсэхээсээ үл хамаараад төрд сууж, төр түшилцэж болгоод байна. Тиймдээ ч “бөх бол төр” гэж бат итгэсэн байж таарна, өөрсдийнхөө “философи”-оор.
Энэ “философи” түгэн дэлгэрч ирэх жил төрд суухаар горлигч бөхчүүдийн цуваа нэмэгджээ.
Эхний хүн нь Монголын үндэсний бөхийн заан цолтон, “Жем интернэшнл” ХХК-ийн захирал Цэдэндамбын Цэрэнпунцаг. Тэрээр Завхан аймагт нэр дэвших ажээ.
Ц.Цэрэнпунцаг бол өнөө парламентад сууж буй Д.Сумъяабазар, А.Сүхбат нартай нэг үед барилдаж, “зургаан залуу заан” хэмээх алдрыг хамт хүртэж явсан нэгэн. Тэр үе чацуутнуудаа хараад “бөх бол төр” гэх “философи”-д автсан бололтой.
Харцага Г.Ганхуяг
Түүний араас “галзуу” хэмээх хочит Монгол үндэсний бөхийн харцага цолтон Ганзоригийн Ганхуяг нэр дэвшихээр зэхэж буй. Тэр сүүлийн үед “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүлж, уул уурхайгаас ангид байхыг уриалан явах болсон агаад төрсөн нутаг Хөвсгөл аймагтаа нэр дэвшинэ. Мөн л “бөх бол төр” гэх үг түүнд итгэл төрүүлсэн байж таарна.
Сүмогийн их аварга Д.Дагвадорж
Үндэсний бөхчүүдийн араас Японы мэргэжлийн сумогийн бөхчүүд улс төрд орж ирэх хандлага ихэссэнийг уншигч авхай нар мэдэж буй нь гарцаагүй. Тэгвэл мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж мөн л төрд санаархах болсон. Өнгөрсөн 2016 оны сонгуульд нэр дэвших тухай яригдаж байсан ч өнжсөн. Харин энэ удаад төрсөн нутаг Өвөрхангай аймгтаа нэр дэвшинэ. Түүнд төрд суугаа төрсөн ах, бөх Д.Сумъяабазар, хуурай ах, Монгол улсын ерөнхийлөгч, бөх Х.Баттулга нар нөлөөлж буй нь гарцаагүй.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр
Нэмээд Олимпийн аварга, жүдо бөхийн дэлхийн аварга, Монголын үндэсний бөхийн заан цолтон Найдангийн Түвшинбаяр төр түшилцэхээр горилогчдын нэг. 2016 оны сонгуульд нэр дэвшиж ялагдсан тэрээр энэ удаад даагаа нэхэх гэнэ.
Түүнд хуурай ах, Монгол улсын ерөнхийлөгч, бөх Х.Баттулга түлхэц өгч дэмждэг.
Кюкүшүзан Д.Батбаяр
Нэгэнтээ парламентад сууж, дөрвөн жил төр барилцаж үзсэн бас нэгэн бөх, мэргэжлийн сүмогийн анхдагчдын нэг, Кюкүшүзан Д.Батбаяр дахин хүч үзэх сураг ч гараад эхэлжээ...
Ерөөсөө л “бөх бол төр” гэх энэ “философи” монгол даяар түгэж, түүндээ итгэсэн, бат нотлох гэсэн “төр”-үүд олширсоор. Тэдний энэ "философи"-д гүн автсан иргэд ч олширсоор...