Ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт зохион байгуулав. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхан оролцлоо. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Коронавирусийн халдварын тархалт, түүний эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нэлээд ужиг байж мэдэхээр байна. Дэлхийн улс орнууд хямралаас эдийн засгаа, үйлдвэрлэгчдээ, иргэдээ хамгаалах арга хэмжээ авч эхэллээ. УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч энэ талаар онцгой анхаарч, холбогдох арга хэмжээ авч байна.
УИХ дээр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Эдийн засгаа тогтвортой байлгаж, цаашид идэвхжүүлэх нь нэн чухал зорилт боллоо. Энэ онцгой цаг үед манай ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл төсвийн орлого, санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгаа дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Самнасан ноолуурын экспортоос дөрөв хүртэл тэрбум, багадаа хоёр тэрбум ам.долларын орлого олох боломж бидэнд бий. Бусад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж уруудаж байхад алтны үнэ тасралтгүй өсөж, өнөөдрийн байдлаар унци нь 1528 ам.долларт хүрлээ. Тиймээс эдгээр салбарын өнөөгийн байдал, анхаарал татсан асуудлын талаар ярилцах хэрэгтэй” гэв.
Нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн биржийн удирдлагууд танилцууллаа. Энэ жилийн хувьд 10 орчим мянган тонн ноолуур бэлтгэх бөгөөд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл гаргаж, худалдан авагчдыг дэмжихээр төлөвлөж байгаа аж. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг холбогдох судалгаа дүгнэлт хийсний үндсэн дээр Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг дэмжих арга хэмжээг батлан хэрэгжүүлэхээр болжээ. Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг, хүү нь 12 хувь бөгөөд гурван хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүгийн зөрүү есөн хувийг татаас хэлбэрээр шийдвэрлэхээр ярьж буй юм. Энэ зээлийг зөвхөн ноолуур худалдан авахад зориулах, ноолуурын үнийг унагахгүй, өнгөрсөн жилийн түвшинд хадгалах замаар малчдаа дэмжих, орлогыг нэмэгдүүлэх талаар хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Алтны салбарын хувьд үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг яамнаас явуулж байгааг онцлон шинээр олборлолт эрхлэх 66 төсөл бэлэн байгаа гэв. Гэвч тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих асуудал төвөгтэй байгааг Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр хэллээ. Нийтдээ 425 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс алт ресурс” компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, лицензийг нь шийдэж, томоохон орд газар эзэмшүүлэх, МҮХАҮТ-тай хамтарч уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдээр бүрдсэн оператор ажиллуулах, ноолуурын үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр хувийн хэвшлийнхэн хувьцаа, бонд гаргахыг дэмжих, Малчдын корпораци байгуулах санаачилгыг бодит ажил хэрэг болгох зэргээр зохион байгуулалт, менежментийн шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг чиглэл болголоо.