Монгол-Голландын хамтарсан “Тахь” төслийн анхны багт багтаж, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт найман жил ажиллаж, тахийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн А.Энхтөрийг “Халуун сэдэв” нэвтрүүлэгт урьж ярилцлаа.
Тахийн биологич, Биологийн ухааны доктор А.Энхтөр:
-Би хустайн нуруунд 1998-2005 оны хооронд найман жил ажилласан хүн. Тахийн сүргийг өдөр шөнөгүй, өвөл зунгүй хариулж яваа тахьчдадаа юуны түрүүнд мэндчилгээ дэвшүүлье. Тахийн асуудлаар эрдмийн зэрэг хамгаалсан Монгол Улсын анхны хүн нь би. Монголд гэлтгүй дэлхийд тахийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан хүн ховор. Би тахь Монгол Улсад хэрхэн нутагшиж байгааг судалж эрдмийн зэргээ хамгаалсан. Удахгүй Монгол Улсад тахь нутагшуулсны 30 жилийн ой болно. Энэ ойг тохиолдуулан тахийн асуудлаар нэг бүтээл гаргачихаар ажиллаж байна.
Ингээд уг бүтээлдээ Хустайн нуруунд тахь хэрхэн нутагшиж байна, тоо толгой нь хэд болж байна гэдгийг зогсоох зорилгоор би тоон материалуудыг цуглуулахад эргэлзээ дагуулсан тоо баримтууд гарч ирлээ. Тэр нь юу вэ гэхээр Хустай нурууны цогцолбор газрын тайланд Монгол оронд 1992 оноос хойш хэдэн тахь ирсэн, хэдэн тахь нь унагалсан, хэдэн тахь хорогдсон бэ гэдэг тоон мэдээлэл хүснэгтээр байдаг. Гэтэл тус хүснэгтэд 1994-2010 он хүртэлх оны тахийн хорогдлын тоог эрс бууруулсан байна. Тухайлбал, 2004 онд 22 тахь хорогдсон байхад шинэ тайланд 4 тахь хорогдсон гээд бичиж, 2005 оны тайланд 29 тахь хорогдсон гэсэн байхад шинэ тайланд тав гэхчилэнгээр зөрүүтэй бичсэн байгаа нь анхаарал татаж байна.
Ингээд энэ ноцтой асуудлыг тодруулъя гээд Хустайн нурууны цогцолбор газар руу холбогдох гэхээр болохгүй байна. Дарга нь утсаа авахгүй юм. Фэйсбүүкээр мессэж бичихээр уншсан мөртлөө хариу өгөхгүй байгаа.
Тус тайлангаас харахад сүүлийн гурван жилийн тайландаа тахийн тоо толгойн хорогдлыг бууруулан бичсэн байгаа. Мөн тус тайланг нь эрдмийн зөвлөл хэлэлцэж баталдаг.
Тахь бол дэлхийн ард түмний хайрыг татсан амьтан. Тиймээс тахийн тоо толгой эрс цөөрсөн асуудлыг би танай телевизээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Монгол хүн адуундаа хайртай. Тахь гэтэл адуун сүргийн өвөг нь. Энэ төрөл зүйл устах гэж байхад нь гадаадын улс орнууд, эрдэмтэн судлаачид олон удаагийн хурал хийгээд тахь гэдэг амьтан устахад хүрлээ. Энэ амьтныг авран хамгаалах сүүлийн найдвар нь уугуул нутагт нь сэргээн нутагшуулах юм байна гэж үзээд нутагшуулсан.
Тахийг монголд нутагшуулснаас хойш 813 тахь хорогдсон байна. Гэтэл одоо байгаа амьд тахь нь 380 гаруй байна. Хорогдсон тахиас амьд байгаа тахийг хасахд 365 сох дутаж байгаа. Би энэ тоог андуураагүй гэж л найдаж байна.