Нэг удаагийн амны хаалтны түүхий эд гадаад улсаас хамааралтай байгаагийн дээр COVID 19 халдвар дэлхийд эрчимтэй тархалттай байгаагаас дэлхий дахинд нэг удаагийн амны хаалтны хомсдол үүсээд байгаа юм.
Манай улс эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл болох малгай, амны хаалт, халаад, гутлын өмсгөл зэргийг үйлдвэрлэдэг ч түүхий эдээ 100% импортоор оруулж ирдэг учир түүхий эдийн нөөц багасч татан авахад тодорхой хугацаа шаардагдаж байна.
Иймээс олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны стандартыг боловсруулж, батлуулах зорилго бүхий ажлын хэсгийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаалаар байгуулж ажилласны үр дүнд “MNS 6828 : 2020, Амны хаалт. Ерөнхий шаардлага” стандартыг баталжээ.
Энэхүү стандартаар Агаарын бохирдол, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зориулалт бүхий олон дахин хэрэглэх амны даавуун хаалтны чанарыг шалгах, баталгаажуулах, хаяглах, савлах, хадгалах, тээвэрлэхэд тавих шаардлагыг тогтоосон байна.