СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-17

Пенсильванийн их сургуулийн оюутан Г.Энхдэлгэр: Дотуур байрнаасаа гарсан, түр найзындаа амьдарч байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн 160 гаруй оронд тархсан Ковид-19 цар тахлын 4,731 тохиолдол АНУ-д бүртгэгдэж, 93 хүн нас барсантай холбогдуулан Пенсильванийн их сургууль сургалтын цахим хөтөлбөрт шилжиж, оюутнуудаа гэртээ харихыг хүссэн юм. Пенсильванийн их сургууль төдийгүй, Харвард зэрэг бусад томоохон их сургуулиуд ч мөн цахим хөтөлбөрт шилжиж, дотуур байрны оюутнуудаа буцаах шийдвэрийг гаргасан билээ. Гэвч энэ нь гадаад орноос ирсэн олон улсын оюутнуудад хүндрэл учруулж байгаа юм.

Тэдгээр оюутнуудын нэг бол Монгол улсын иргэн, Пенсильванийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан Гантулгын Энхдэлгэр ажээ. Монгол улсад коронавирусийн дөрвөн ч тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс үүдэж хилээ хаасан тул Энхдэлгэр сургуулийн захиргаанд хандан дотуур байранд үлдэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна. Тиймээс охин хаачихаа шийдэх хүртэл найзынхаа байранд түр байрлахаар болжээ. Сингапурт байдаг эгч рүүгээ очиж болох ч хил давж байхдаа коронавирусийн халдвар авахаас айж байгаа гэдгээ хэлсэн байна.

Монгол улсын элчин сайдын яамнаас иргэнтэйгээ холбогдож буцааж авчрах талаар ажиллаж байгаа гэжээ. .

Пенсильванийн их сургуулийн дотуур байранд үлдэх хүсэлтэй 1200 орчим оюутан сургуулийн захиргаанд хүсэлт тавьсан ч ердөө 400-г нь зөвшөөрч үлдсэн 799 оюутны хүсэлтийг зайлшгүй шаардлагатай гэж үзээгүй тул буцаажээ.

Сурвалжлагч: Пенсильванийн их сургуульд суралцдаг уу? Монголын хаанаас ирсэн бэ?

Энхдэлгэр: Би Пенсильванийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан. Олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг. Монголын нийслэл Улаанбаатар хотоос ирсэн.

Шинэ коронавирусийн талаар өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадаас анх сонссон. Хятадад вирус тархаж эхэлсэн талаар сонсоод юу гэж бодсон бэ?

Хятад бол Монгол улсын хоёр хөршийн нэг учир би бусдаас илүү анхаарал тавьж байсан. Хамгийн түрүүнд сонсоод “Бурхан минь, эцэг эх минь яах бол, гэр бүл минь аюулгүй байгаа болов уу” гэсэн бодол төрсөн. Монгол, Хятадын хилээр дамждаг олон бизнес эрхлэгч бий. Нэгдүгээр сард коронавирусийн асуудал дэлхийд хүрсэн. Тэр үед манай улс хилээ хааж эхэлсэн. Би аав ээж хоёртоо илүү их санаа зовж байсан бол одоо Америкийн нөхцөл байдал Монголоос хүнд болж байна.

Пенсильванийн их сургуулийн захиргаа хаврын амралтаа долоо хоногоор сунгаж, цахим хичээлд шилжихээр болсон. Хаврын амралтаараа өмнө нь юу хийхээр төлөвлөж байсан бэ?

Би эхэндээ амралтаараа найзуудтайгаа хамт Мексикийн Канкун явахаар төлөвлөж байсан. Гэвч бид аяллаа цуцалсан. Тэгээд Монгол руу буцах шаардлагатай болоход бага зэрэг санаа зовж эхэлсэн.

Их сургууль оюутнуудыг хотхоноос явахыг шаардсан учир одоо яахаар болсон бэ?

Энэ шийдвэр миний маш олон төлөвлөгөөг өөрчилсөн. Бусад олон улсын оюутнуудын адил хүсэлтээ бичиж өгсөн. Гэвч сургуулийн захиргаа тус бүрт нь цахим шуудангаар хариу илгээсэн нь хачин санагдаж байсан. Яагаад бүгдэд нь адил мэдэгдэл хийж болоогүй юм бэ? Минийхээр тэд олон улсын оюутнуудад өөрөөр хандсан.

Тэгвэл сургуулийн захиргаа яагаад тусад нь цахим шуудан илгээсэн гэж бодож байна?

Зарим оюутанд тусгайлан хандсан гэдэгтэй санал нэг байна. Ерөнхий удирдлага олон улсын оюутнуудад тохиолдож буй бэрхшээлийг мэдэх хэрэгтэй гэж бодсон. Бидэн дунд төгсөх курсын олон оюутан бий. Тэднийг төгсөх үед хичээл нь яах вэ гэдэг асуудал.

Та нарт илгээсэн зурвасны талаар илүү дэлгэрэнгүй яривал болох уу?

Эхлээд тэд нийт оюутнуудын дунд цахим зурвас илгээсэн. 20 орчим минутын дараа олон улсын оюутнууд руу дахин өөр зурвас явуулсан. Үүнээс хойш хэдэн цагийн дараа орой болсон хойно дахин хянаж засварласан захидал илгээсэн. Тэд “орхин яв” гэсэн үгээ ижил утгатай эелдэг үгээр орлуулж илүү найрсгаар татгалзсан хариу илгээсэн байсан.

Монгол улс хилээ хаачихлаа. Гэрлүүгээ буцах аргагүй болсон байх. Одоо яах вэ?

Би одоо Харрисон коллежийн байранд амьдарч байна. Манай сургуулиас дотуур байранд үлдэх зайлшгүй шалтгаанаа тайлбарласан хүсэлтээ дахин илгээж болно гэж мэдэгдсэн. Миний хувьд улсын хил хаасан байгаа нь зайлшгүй шалтгаан мөн гэж үзэж байгаа болохоор тэд ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Үнэн хэрэгтээ олон улсын оюутнуудын хувьд нислэгүүд улам үнэд орж, тоо нь цөөрч хаачих вэ гэсэн асуудал маш хүнд тусч байна.

Эх сурвалж: Philadelphia Magazine

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.