Боловсролын зээлийн сангийн захирлаар 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шинээр томилогдон очсон Жаалжавын Ариунболд гэгч хүний ёс зүйн доголдол, зүй бус харилцаа, хууль бус үйлдэлтэй гомдол манай редакцид ирлээ.
Ж.Ариунболд өмнө нь “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба”-ны даргаар 2018 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс хойш томилогдон ажиллаж байсан бөгөөд сар шинийн дараа гэнэтхэн л Боловсролын зээлийн сангийн захирлаар томилогдон ирсэн байна.
Тэрбээр ажлаа хүлээн авсан эхний өдрөө л Боловсролын зээлийн санд түр тушаалтай ажиллаж байсан хүмүүсийг өрөөндөө дуудаж “Өөрийн хүсэлтээр өргөдөл өг. Цаашид хамтарч ажиллахгүй хэмээн дарамталж эхэлсэн бөгөөд яг одоо өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг. Миний хэлснээр хийхгүй бол өрөөнөөсөө гаргахгүй” хэмээн хашхирч загнаж, дарамтлан шахамдуулсаар ажлаас “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл” гэгчийг бичүүлэн авч халж эхэлжээ.
Ж.Ариунболд гэгч хүн 23 хүнтэй Боловсролын зээлийн сангийн даргаар томилогдсоноос хойш ердөө 16 хонох хугацаандаа н.Сундуйжав, н.Дэшигжав, н.Энхтөр, н.Батбилэг, Т.Болормаа, н.Соёлмаа, Т.Оюунгэрэл гэх долоон хүнийг ажлаас халах, чөлөөлөх тушаал гаргаад байгаа бөгөөд Э.Батсэлэм гэх хүнийг өөр байгууллага руу шилжүүлж, н.Бат-Эрдэнэ, н.Оюунцэцэг гэдэг хоёр хүнээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичүүлж авсан байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.
Ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүсийн дунд есөн сартай хүүхэдтэй хүн хүртэл байгаа аж.
Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албан тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг уландаа гишгэж, төрийн албан хаагчдыг хуугаар халж байгаа Ж.Ариунболд гэгчийн ёс бус үйлдэл, хууль бус үйлдлийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Ж.Ариунболдын 9903**** дугаар руу залгаж хариу тайлбар авах гэсэн боловч тэрбээр хуралтай байна. Дараа ярья гэж хэлээд утсаа тасаллаа.