ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11 оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Манай оронд зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж дуусаад байгаа.
ДЭМБ-аас уг өвчний тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид БНХАУ-тай 4,600 гаруй км газар нутгаар хиллэдэг Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй, мөн зөөвөрлөгдөн очсон нэг тохиолдлоос өөр халдвар бүртгэгдээгүй байгаа нь хязгаарлалтуудыг шуурхай авч ажилласны үр дүн хэмээн дүгнэж байна. Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй авсан нь халдвар тархахгүй байх хамгийн зөв шийдвэр байлаа хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн гэх таатай мэдээтэй байна.
ДЭМБ-ын ажилтан Анунзаяа: Ковид-19 шинэ тохиолдол 10 980 бүртгэгдлээ. Шинээр Казахстан, Африкийн бүсийн 7 оронд бүртгэгдээд байна. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 344 хүн нас барсан байна. Нийт нас баралтын тоо 5735 хүрээд байна. БНХАУ-д нэг хоногийн дотор 27 шинэ халдвар бүртгэгдэж, 10 нас баралт бүртгэгдсэн нь халдварын тархалт буурч байгааг харуулж байгаа юм.
Итали, Испани, Иран гэсэн орнуудад хоногт 1000-3000 тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт өндөр байна. Дунджаар өдөрт 90-170 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын улс орнуудад хэсэгчилсэн болон бүхэлд нь хорио тогтоох шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, Чех улсад халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд хааж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болох хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, түлш шатахуун, эмийн худалдаа эрхэлдэг газруудыг л ажиллуулах шийдвэр гаргасныг ЭМ-ийн сайд нь мэдэгдсэн байна. Серби улсад Ерөнхийлөгчийнх нь шийдвэрээр онц байдал зарлалаа.
Итали, Испани, Франц, Швейцарт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн 24 цагийн хугацаанд Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдэж, гуравдугаар сарын 17-ноос сургуулийн үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа.
АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд мөрдөх журмыг гаргалаа. Тус журамд ирэх хоёр сарын туршид 50 болон түүнээс дээш тооны хүн оролцох аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, чухал шаардлагатай бол цахим технологийг ашиглахыг онцолсон байна. 49 муж улсад халдварын тохиолдол гарч байгаатай холбогдуулан муж улс бүр өөр өөрийн онцлогтой шийдвэрийг гаргасаар байгаа. Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрээр сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул 1.1 сая хүүхэд гэртээ байх нөхцөл бүрдсэн байна. Мөн эмнэлгүүдэд яаралтай бус мэс заслуудыг цуцалж магадгүй байгааг мэдээлжээ.
Филиппин улсын нийслэл Манила хотод орох гарах бүх хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, тус хотын оршин суугч 12 сая хүн хорио цээрийн дэглэмд амьдарч байна.
Африк тивд Кени улсад бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахын зэрэгцээ, халдвар бүртгэгдсэн ямар ч улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан.
Катар улс тус улсыг чиглэсэн ачаа тээвэр болон транзит нислэгээс бусад бүх зорчигч тээврийн нислэгийг 14 хоногийн хугацаатай хориглолоо.
БНХАУ-д өнгөрөгч Ням гарагт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Харин нас баралтын тоо өмнөх өдрөөс 14-өөр нэмэгдэж, нийт нас баралт 3,213 болсон байна" хэмээн хэллээ.
Гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх бол халдварт өвчнөөс хамгаалах зөвлөмжийг сайтар мөрдөх хэрэгтэй. Уг зөвлөмжийг хайхралгүй үлдсэнээс болж зарим орнуудад өвчлөл нэмэгдэж байгааг харж байгаа байх. Хаврын улиралд монгол хүний дархлаа мууддаг, халдварт өвчин дэгддэг сар. Тиймээс дэлхий нийтээр хэрэгжүүлж буй уламжлалт зөвлөмжийг уйдалгүй хэрэгжүүлээрэй.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 1697 иргэнийг тусгаарлаад байна. Яг одоогийн байдлаар 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Харин нийт 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийсэн. Өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэн тусгаарлагдсан нь хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу яваад буцаж ирсэн гэсэн өгүүлэмжтэй монгол иргэн. Тэрбээр гүйлгэх, халуурах зовууртайгаар тусгаарлагдсан. Шинжилгээ одоогоор хийгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Бид гурван сарын турш зөвлөгөө өгсөөр байхад гаднын улс орон руу зорчиж, гадаад иргэдэд үйлчилсэн байгаа учраас бидний өгч буй зөвлөгөө зөвлөмжийг онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлмээр байна.
Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэд дунд Бельги, Швейцар, Герман, Франц, Вьетнам, Эрхүү, Улаан-Үд, Сөүл, Филиппин, Хонконг, Тайланд гээд маш олон улсаар дамжиж иргэд ирсээр байна.
Мөн тэрбээр "Өчигдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д Дэгү, Бусаны чиглэлээс ирсэн 10 иргэнийг тусгаарласан бол Цэргийн төв эмнэлэг дээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай буюу жирэмсэн, хэвтрийн, тэргэнцэртэй, нярай зэрэг нийт 51 хүнийг байрлуулсан. Харин "Энх саран" сувилалд 184 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.
Өнөөдөр өглөө Берлин- Москва чиглэлийн онгоцоор 231 хүн ирснээс бөөрний эмчилгээ шаардлагатай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бол өндөр эрсдэлтэй газраас ирсэн, халуурсан өгүүлэмжтэй нийт 17 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Ямар нэг зовуургүй, шинж тэмдэггүй байгаа иргэдийг "Амар" зочид буудалд тусгаарлахаар бэлтгэсэн бөгөөд ГССҮТ-ийн эмч ахлан ажиллаж байна.
Мөн өнөөдөр орой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц бууна. Урьдчилсан байдлаар тус онгоцонд 270 иргэн ирнэ гэсэн мэдээлэл байгаа бөгөөд үүнээс 56 иргэнд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна" хэмээн хэллээ.
Бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байна. Халдвар авсан Франц хүний бие тогтвортой. Ханиалга буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн. Эмчилгээ үргэлжилж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Халдвар авсан хүний нэгдүгээр хавьтал болсон 23 хүнээс давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 15-нд Солонгосоос ирсэн 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна гэв. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн тул аймгийн эмнэлэгт тусгаарласан сорьц ХӨСҮТ-д ирж байгаа. Өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл франц өвчтөнийг “Хурдан эдгээрэй” гэж шар тос илгээснийг Д.Нямхүү захиралд хүлээлгэн өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Нийгмийн сүлжээгээр тархаж буй франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар дуулгаж байгаа. Энэ бүхнийг сонсоод өвчтөний маань сэтгэл санаа өөдрөг байгаа” хэмээгээд шар тосыг шуурхай хүргэж өгнө гэлээ.