Олон улсын нислэг зогсоосонтой холбоотойгоор БНСУ-аас хүндэтгэх шалтгаантай иргэдээ авчрахаар болсон. МИАТ ХК-ийн тусгай нислэг 244 иргэнээ эх оронд нь авчрахаар БНСУ-ын Инчеоны нисэх буудлаас хөөрсөн болохыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлсэн.
Улаанбаатар-Сөүл чиглэлд ОМ301 аяллын дугаартай онгоц өнөөдөр 08:25 цагт хөөрсөн бөгөөд гурван орны 251 иргэн энэ нислэгээр явсан байна.
Нийт 252 иргэнийг авчрахаар болсон талаар мэдээлж байсан ч бүртгэлийн хугацаанд хоёр иргэн халуурч байна хэмээн онгоцонд суугаагүй бол бүртгэлийн үед ч тасалбар буцаасан байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ХӨСҮТ-д шинж тэмдэг илэрсэн, Бусан, Дэгү хотуудаас ирсэн иргэдийг тусгаарлана. Харин шинж тэмдэг илрээгүй бол тусгаарлах байруудад байлгана. Эцсийн мөчид тасалбараа буцааж байгаа тохиолдол байна. Гадаад паспортоо мартсан, хоёр иргэн халуурч байна гээд онгоцонд суугаагүй” гэсэн юм.
Өчигдөр Шадар сайд тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж, Цэргийн төв эмнэлэг, Энхсаран сувилал, Амар зочид буудалд байрлуулахаар болсон. Өнөөдөр 16:20 цагт МИАТ-ийн нислэгээр ирэх иргэдийг нисэх буудлаас шууд 8 автобусаар тусгаарлах байр руу авч явах тул нисэх буудал угтан авах иргэдэд үйлчлэхгүй. БНСУ-аас ирэх 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон бол үлдсэн иргэдийг Хан-Уул дүүргийн Энхсаран сувилалд тусгаарлахаар болсон юм.