Улсын онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр /2020.03.15/ 12.00 цагт ОБЕГ-т цаг үеийн болоод шуурхай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл орон нутаг, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгвэл энэ сарын 16-ны 07:00 цагаас хязгаарлалтыг сунгахгүй, хөдөлгөөнийг хэвийн явуулахаар болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллах эсэхийг Нийслэлийн Онцгой комиссын шийднэ.
Өчигдөр шуурхай штабаас Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулсан. Учир нь Казахстан улсад гурван иргэн халдвар авсан тул асуумжаа сайн бөглүүлж аваарай гэдэг зөвлөмжийг өгсөн. Мөн тусгаарлах байраа бэлтгэх заавар өгч ажиллаа.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадаас нутаг буцах иргэдийн өргөдөл мэдээллийг хүлээн авч, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өнөөдрөөс эхлэн авчрахаар болоод байгаа юм. Өчигдөр Шадар сайд тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцаж, Цэргийн төв эмнэлэг, Энхсаран сувилал, Амар зочид буудалд байрлуулахаар болсон. Өнөөдөр 16:20 цагт МИАТ-ийн нислэгээр ирэх иргэдийг нисэх буудлаас шууд 8 автобусаар тусгаарлах байр руу авч явах тул нисэх буудал угтан авах иргэдэд үйлчлэхгүй. Сөүлээс ирэх 203 иргэнийг Хан-Уул дүүргийн Энхсаран сувилалд 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон" гэлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг Сөүлээс 250 орчим зорчигч бүртгэлээ хийлгээд дууслаа. Иргэдийг хаана, хаана тусгаарлах зохион байгууллалтыг хийсэн. ХӨСҮТ-д шинж тэмдэг илэрсэн, Бусан, Дэгү хотуудаас ирсэн иргэдийг тусгаарлана. Харин шинж тэмдэг илрээгүй бол тусгаарлах байруудад байлгана. Эцсийн мөчид тасалбараа буцааж байгаа тохиолдол байна. Гадаад паспортоо мартсан, хоёр иргэн халуурч байна гээд онгоцонд суугаагүй. Москва, Берлин руу ниссэн онгоц бол дүүргэлттэй байна.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Маргааш зам нээх үед товчоонд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна. Мөн зам товчлох гэж өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулахгүй байх, аюулгүй байдлыг чанад сахихыг уриалж байна. Тусгаарласан обьект руу техник хэрэгсэлтэй нэвтэрч, ар гэрийнхэндээ хувцас хунар оруулах гэсэн оролдлого ихээр гарч хүндрэл үүсгэж байна.