Энэ сарын 14-ны байдлаар дэлхийн 132 оронд ковид-19 халдвар бүртгэгдсэнээс нийт 9 оронд шинээр бүртгэгдээд байна. БНХАУ, БНСУ, Япон улсад өвчлөл буурч байгаа бол Иран, Ирак, Итали, Испани, АНУ зэрэг улсад уг халдвар өндөр тархах магадлалтай болж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхийлөгчийн мэдэгдэлд “Цар тахлын голомт Европ руу хандаж байна. Тэнд бүртгэгдэж байгаа тоо бол БНХАУ-д ид дэгдэлтийн үед бүртгэгдэж байсан тооноос давах хандлагатай байна” гэж мэдэгдсэн. ДЭМБ-аас дахин дөрвөн чиглэл нэмж найман чиглэлийн үйл ажиллагааг чухалчилж үзэхээр болжээ. Үүнд бэлэн байдлаа хангах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, бууруулах, хүрээгээ хумих, нөхөн сэргээх чиглэлийг ДЭМБ-аас өгч байна.
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа:
Ковид19-ийн 7,499 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 342 хүн нас барж, 4,955-д хүрлээ. Жерси, Сан Верснет, Куба зэрэг улсад халдвар шинээр бүртгэгдлээ. ДЭМБ-аас Халдвар хамгааллын чиглэлээр зөвлөл байгуулсан. Иранд хамтарсан баг гуравдугаар сарын 11-нд очоод ажиллаж байна. БНСУ-д 110 халдвар нэмж бүртгэгдсэн нь голомтлон халдварласнаас хойших хамгийн бага тоонд орж байна. Түүнчлэн тус улсад нэмж хүн нас бараагүй.
Хятадаас гадна бусад улс орныг нэмснээс ч олон хүн Европ тивд бүртгэгдэж байгаа тул ДЭМБ-аас анхааруулж байна.
Эрүүл мэндийн бусад асуудал байсаар байна. Эрүүл мэндийн ажилтнууд өнцөг булан бүрт цаг наргүй ажиллаж, баатарлаг үйлс бүтээж байна. Манай улсад үүсэхгүй гэж бодох нь ноцтой алдаа. Хятад, Солонгос, Япон, Сингапурын туршлага дэгдэлтийг хязгаарлаж болдгийг харуулж байна.
Дэлхийн улс орнуудад коронавирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Европ тивд богино хугацаанд ихээр нэмэгдэж байна. Франц улсад 24 цагт шинэ тохиолдол 800-аар нэмэгдсэнийг тус улс мэдээлсэн. Өмнө нь өдөрт дунджаар 200 орчмоор нэмэгдэж байсан бол одоо богино хугацаанд хэд дахин нэмэгдэж байна.
Итали улсад халдвар лабораторийн шинжилгээгээр батлагдсан нь 15 мянга давсан. Иран 11 мянга давсан. Эдгээр улс орнууд Эрүүл мэндийн системийн чадавх сайн, өндөр хөгжсөн орнууд хэдий ч тохилдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа учраас хөнгөн болон дунд зэргийн өвчтөнүүдийг аль болох эмнэлгийн байгууллага руу очихгүй гэртээ ажиглахыг зөвлөж байгаа.
АНУ-ын хувьд Европ тив зорчих тээврээ зогсоох шийдвэр өчигдөр хэрэгжиж эхэлсэн. Санхүүгийн нөөц ашиглах, хариу арга хэмжээ авах зорилгоор АНУ онц байдал зарласнаа мэдэгдсэн. Тус улсын 49 мужид халдвар бүртгэгдсэн байна. Африк тивд халдвар эрчимтэй нэмэгдэж, 18 улсад халдвар бүртгэгдсэн.
Австрали улс хориглох хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн. 500-аас дээш тооны хүн цуглах арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг иргэддээ анхааруулсан. Хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг эмнэлгүүд рүү очихгүй байхыг зөвлөж байгаа. Оношлуурын нөөц хомс байгаа тул ийн үзсэн байна" гэв.
Манай улсын хэмжээнд 18668 эмнэлгийн ор бэлнээс гадна тусгаарлах 2915 орыг орыг нэмэлтээр тавиад байна. Түүнчлэн улсын хэмжээнд эрчимт эмчилгээний нийт 633 ор бэлэн байгаа гэдгийг дурдлаа.
БНСУ-д Монголын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээллийн ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
“БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдсан Монгол улсын хоёр иргэн Ковид-19 вирус авсан гэх мэдээллийн талаар "Сөүл дэх элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны мэдээлэл авахаар ажилласан. Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс энэ мэдээллийг тодруулахад мэдээлэл дутмаг байсан. Манай улсын 28 настай иргэн Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илрээд дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон.
Тухайн дүүргийн эмнэлгээс вирусийн хэмжээ маш бага гэсэн тул манай иргэнд нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 тусгаарлалтын хоногийг дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Энэ иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа" хэмээлээ.
Нэг иргэн ийнхүү өмнө нь халдвар авсан нь тогтоогдсон. Нөгөө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан иргэн байгаа. Тиймээс манай иргэд тайван байж болно.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох Оюутолгойд тусгаарлагдсан 7, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүн гээд нийт 8 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын сүүлийн хүмүүсийн шинжилгээний хариу байлаа. Ингээд батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтал гэж үзсэн 215 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.
Бид нийт 414 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авч ажиллалаа.
Энэ сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлахад шинжилгээгээр вирус илрээгүй. Дархан-Уул аймагт 13 хүнийг ажиглалтад авч, хоёрыг нь ХӨСҮТ-д эмчийн хяналтад байлгаж байна.
Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас 54 хүний сорьц ирсэн. Энэ нь ямар учиртай гэхээр, батлагдсан тохиолдол маань шинж тэмдэг илэрснээс хойш халдвар дамжуулах магадлал өндөр байдаг тул хэд хоног харж байж халдвар дамжсан бол вирус өсдөг. Тиймээс 4-5 хоногийн дараа шинжилгээ хийж нягтлахаар төлөвлөсөн. Тэр сорьцнууд маань ийнхүү өнөөдөр зөөвөрлөгдөн ирлээ. Бид маш богино хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон 400 гаруй хүнийг тусгаарлаж, эмчийн хяналтад ажиглаж байна. Шинж тэмдэг илрэх эсэхийг байнга хянаж байгаа. Франц иргэний биеийн байдал тогтвортой байна" гэв.