Коронавирусийн халдвар илэрсэн улсууд халдварын тархалтыг бууруулахад анхаарч байгаа бол халдвар илрээгүй орнууд хөл хориогоо улам чангатгасаар байна. Коронавирус дэлхийн бүх улс орны эдийн засагт эрсдэл үүсгэх нь нэгэнт тодорхой болсон. Эдийн засагчид ч дэлхийн улс орнуудын эдийн засагт учраад буй нийт хохирлын хэмжээ болон түүнээс гарах цаашдын сөрөг үр нөлөөг хараахан эцэслэн тооцоолж чадаагүй байна. Ямартай ч улс орон бүр эдийн засгийн хувьд хохирол багатайгаар энэхүү эрсдлийг даван туулахаар олон арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна.
Япон Улс
Тус улс коронавирусийн үед эдийн засгаа дэмжих дөрвөн тэрбум ам.долларын багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Үүний дийлэнхийг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд зарцуулах аж. Түүнчлэн Японы Засгийн газар вирусийн халдварын тархалтын улмаас хомсдоход хүрсэн ариутгалын спиртийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компаниудад татаас олгохоор болсон.
Засгийн газар энэ асуудлыг зохицуулахын тулд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сайжруулахад зориулан хөрөнгө оруулж буй компаниудад татаас олгох бөгөөд томоохон компаниудын уг зардлын гуравны хоёрыг, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зардлын дөрөвний гурвыг дааж, үйлдвэрлэлийн шугам тутамд 30 сая иен (286 мянга орчим ам.доллар) хүртэлх хэмжээний татаас олгохоор болжээ.
БНХАУ
Нөхцөл байдал хүндхэн байгаа ч БНХАУ-ын Засгийн газрын зүгээс коронавирусийн дэгдэлтийн уршгаар бий болсон эдийн засгийн зогсонги байдлаас гарч, түүнээс гарах цаашдын сөрөг үр дагаврыг арилгах хүрээнд шуурхай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайлбал, Хятадын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ бууруулж, банкууд болон зээлдэгчдэд ирэх зээлийн хүүгийн дарамтыг багасгахад туслах үүднээс зээлд их хэмжээний бэлэн мөнгө зах нийлүүлж эхлээд байна.
Мөн БНХАУ-ын Ардын банкны дэд дарга Лю Гуокян эдийн засгийн өсөлтийг дэмжих, үйлдвэрлэлийн алдагдлыг нөхөх үүднээс дотоодын нэр бүхий есөн банканд нэг жилийн хугацаатай, бага хүүтэй зээлийг санхүүжүүлэх чиглэлд тусгай санхүүжилт гаргаж, бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсгэхгүйгээр богино хугацаанд зээл олгох чиглэл өгсөн байна. Хамгийн сүүлд тус улсын Сангийн яамнаас “Covid-19” вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж улсын төсвөс найман тэрбум юань гаргах болсноо зарласан. Түүнчлэн Төв банк нь санхүүгийн байгууллагуудад олгосон 200 тэрбум юань буюу 28.65 тэрбум ам.долларыг нэг жилийн хугацаатай, зээлийн байгууламжийн хүүгээ 3.25-аас 3.15 хувь болгон буруулах болсноо мэдэгдээд буй.
Хонконг
Бослого тэмцлийн улмаас эдийн засаг нь өнгөрсөн онд 1.2 хувиар агшсан бол одоо шинэ коронавирусийн гамшиг Хонконгийн санхүүгийн нөхцөл байдлыг улам доройтуулахаар байгаа юм. Тиймээс Хонконгийн эрх баригчид хоёр сая орчим иргэнийхээ татварыг хөнгөлөх, бага орлоготой иргэдийн байрны нэг сарын түрээсийн төлбөрийг чөлөөлөх, амьжиргааны түвшин доогуур 200 мянган өрхөд нэг удаагийн тэтгэмж олгохоор болжээ.
Австрали
Австралийн Засгийн газар коронавирусийн улмаас эдийн засагт нь учирч буй эрсдлийг бууруулах зорилгоор 17.6 тэрбумын багц хөтөлбөр баталсан байна. Хөтөлбөрт бизнесийн хөрөнгө оруулалтыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, бэлэн мөнгөний урсгалыг тогтвортой байлгах болон цар тахалд хамгийн их өртсөн салбар, бүс нутаг, орон нутгийн иргэдэд чиглэсэн дэмжлэг үзүүлэх зэрэг багтаж байгаа ажээ. Тус улсын Ерөнхий сайд Морисс “Энэ бол түр зуурын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бөгөөд цаашид шат дараатай олон арга хэмжээ авна” гэжээ.
Европ
Коронавирусийн нөлөөгөөр Европ 2008 оны санхүүгийн хямрал шиг эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсныг Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард анхааруулсан байна. Европын Төв банкны Мөнгөний бодлогын хорооны хурал удахгүй болно. Хурлаар бодлогын хүүг бууруулна гэдэгтэй “Bloomberg”-ийн шинжээчид санал нэг байна. Түүгээр ч зогсохгүй бонд худалдан авах хөтөлбөрөө өргөтгөнө гэж таамаглаж байгаа юм.
https://www.csis.org/analysis/global-economic-impacts-covid-19
Ц.Даваасамбуу