Та бүхэнд “Гамшгийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Гамшгийн үед сэтгэл зүйгээ бэлдээгүй тохиолдолд гэнэтийн цочролд орж, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох аюултай. Тиймээс сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж, болзошгүй тохиолдолд бэлэн байх үүднээс дараах зүйлсийг зөвлөж байна.
Үүнд:
Гамшигт өртсөний дараа хүн цочролд мэдрэмтгий болдог бөгөөд гэнэтийн жижиг зүйлээс ч айж, энгийн зүйлсийг ч хийж чадахгүй шокийн байдалд хүрдэг. Тиймээс бэлтгэлтэй байхын тулд гамшгийн үед юу тохиолддог болохыг судалж мэдсэн байх шаардлагатай. Ингэвэл та гамшигт өртсөн тохиолдолд тайван, цочрол багатай хүлээн авна. Гамшигт хэрхэн, яаж оролцох ямар арга хэмжээг авах, гамшгийн үед ажиллах агентлаг, байгууллагын мэдээллүүдийг мэдэж байх нь танд тустай.
Гамшгийн үеийн сэтгэлийн түгшүүр, айдас, хямрал, нойргүйдэл, хар дарсан зүүд зэрэг нь хүмүүст тохиолддог сэтгэл зүйн хэвийн шинж тэмдэг юм. Тодорхой бус нөхцөлд сэтгэлийн түгшүүр идэвхтэй байдаг. Хэрэв сэтгэлийн хямрал удаан үргэжлэх, ажил, амьдралаа хэвийн зохицуулахад асуудал үүсвэл сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Мөн сэтгэл зүйн өөрчлөлтийг үл тоох нь өөрт болон таны гэр бүл, эргэн тойрны хүмүүст сайн зүйл биш. Ердийн үед ч сэтгэл зүйн байдлаа ажиглаж, анхаардаг зуршилтай байх нь зүйтэй.
Стрессийг даван туулж сурснаар гамшгийн үед илрэх сэтгэл зүйн түгшүүр, сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Хамгийн шилдэг арга нь сонирхдог зүйлтэй болох, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх юм.
Баясалгал, иог, сунгалтын дасгал, булчин суллах дасгал, бодлоо цэгцлэх, хөгжим сонсох, ууланд алхах зэрэг дасгал хөдөлгөөнийг амьдралын зуршил болгох хэрэгтэй. Тайван, тогтвортой байдал нь стрессийг хялбар даван туулж, хэвийн, тайван байдалд хурдан оруулдаг. Сандрал, зовиур, түгшүүрийн байдалд амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй.
Гамшигт нэрвэгдсэн үед бие биетэйгээ ярилцаж, холбоо барих нь сэтгэл зүйг тайвшруулдаг. Гамшгийн үед бусадтайгаа холбогдон, ярилцаж “Би ганцаараа биш” гэдгээ мэдрэх. Ердийн өдрүүдэд ч бусдыгаа сонсож, ярилцах нь сэтгэл зүйн бэлтгэл болно. Бусдыг шүүмжлэх, бусдад заахын оронд эхлээд сонсож сураарай. Бие биетэйгээ сэтгэлээ хуваалц, ярилц, сонс! Хүрээлэн буй хүмүүстэйгээ харилцсанаар, хямралын үеийг даван туулах ач тустай.
Гамшгийн үед таны болон бусдын нүдэнд өртөхгүй, идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй. / бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, сэтгэл зүй, бие махбодийн хувьд сул дорой, бусадтай ярьдаггүй… г.м/
Зарим хүмүүс дуугаа хураах, ганцаараа байхыг илүүд үздэг. Ийм хүмүүсийг ч мөн адил сонсож, ярилцах нь ганцаардсан мэдрэмжээс нь салгаж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
Гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ цагийг өнгөрөөж, бие биедээ туслаж, аз жаргал, эерэг хандлагыг бий болгох.
Эерэг, сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь амьдралын идэвхийг нэмж, сэтгэл зүйг дэмжин, хүнд хэцүү байдлаас гарахад тусалдаг. Сайн дурын ажил хийх, гэр бүлтэйгээ хамт байх, ууланд алхах, өөрийн хоббитой болох зэрэг танд эерэг мэдрэмж өгдөг зүйлсийг үргэжлүүлэн хийх хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлээ хийх нь танд сайхан мэдрэмж өгөхөөс гадна эрч хүчийг тань нэмж байдгийг санаарай.
Танд тохиолдсон зүйлсийн талаар хэрхэн бодож байгаа нь үйл хөдлөл, үйлдэлд тань нөлөөлдөг. Болж өнгөрсөн зүйлийг та өөрчлөж чадахгүй, тиймээс хэрэггүй бодлуудаа хаяж, танд тустай эерэг бодлууд дээр төвлөрөх нь үр дүнтэй даван туулах арга болно. Та өөрөөсөө байнга би эерэг зүйл бодож байна уу гэдгээ үргэлж асууж байгаарай!
Гамшгийн үед стрессээс ангижрахын тулд архи, тамхи, хортой эмийг хэрэглэх тохиолдол байдаг. Гэвч эдгээр нь сэтгэл зүйн зовуурийг багасгадаггүй. Харин ч эсрэгээр бие, сэтгэлий эрүүл мэндэд муугаар нөлөөлж, хүмүүсийн хоорондох харилцаанд асуудал үүсгэдэг. Хэрвээ та сэтгэлийн шаналалтай байгаа бол эргэн тойрон дахь хүмүүстэйгээ заавал ярилцаж, мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг дахин зөвлөе!
Гамшгийн үед маш хурдан мэдээ мэдээлэл, цуу яриа тархдаг. Худал хуурмаг мэдээлэл, эсвэл цуу яриа нь хүмүүсийг илүү их түгшээж, буруу сонголт хийхэд нөлөөлдөг. Тиймээс үнэн бодит, мэргэжлийн байгууллагын эх сурвалжтай зөв мэдээллийг олж авах нь гамшгийг тайван замаар даван туулахад тус болдог.
Өөрийнхөө эрүүл мэндийг сахиж, эрүүл хоол, давтамжтай дасгал хөдөлгөөн хийж, шингэж зүйлс сайн уух, сайн амарч байх нь тустай. Халуун усанд орж, массаж хийж, өөрийн сонирхдог номыг уншиж, алхах хэрэгтэй.
Эцэст нь өөрийн бие махбодь болон сэтгэл зүйн эрүүл мэндээ үргэлж сахин хамгаалах нь чухал гэдгийг зөвлөе!