Холливудын нэрт жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вилсоны хамт Ковид-19 коронавирусийн халдвар авсныг лхагва гарагийн орой тогтоож, олон нийтэд мэдээлсэн билээ. Үүний дараа жүжигчний хүүхдүүд Инстаграм, Твиттер зэрэг олон нийтийн цахим сүлжээ ашиглан шүтэн бишрэгчдэд нь зориулж мэдэгдэл хийж, эцэг эхийнх нь биеийн байдал сайн, тэд Австрали улсын эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгааг дуулгажээ.
Чет Хэнкс “Бүгдэд нь мэнд хүргэе. Манай аав ээж хоёр коронавирусийн халдвартай гэж оношлогдсон нь үнэн. Солиотой. Аав маань кино зураг авалтаар Австрали улсад ажиллаж байсан болохоор тэд одоо Австралийн эмнэлэгт байгаа. Би ердөө утсаар л тэдэнтэй холбогдсон. Хоёулаа биеийн байдал нь тогтвортой сайн байгаа” хэмээн Инстаграм хуудсандаа видео мэдэгдэл байршуулжээ.
Харин жүжигчин Том Хэнксийн ууган хүү Колин Хэнкс Твиттертээ “Биднийг дэмжиж байгаа бүх хүнд талархаж байна. Эцэг эх маань Австралид сайн асаргаанд байгаа. Би Лос Анжелест байгаа учраас тэдэнтэйгээ гурван долоо хоногийн турш уулзаагүй. Гэхдээ байнга холбоотой байж, тэднийг хурдан эдгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэжээ.
Том Хэнкс Rock&Roll хөгжмийн хаан алдарт дуучин, жүжигчин Элвис Преслигийн тухай сэдэвт киноны ажлаар Австрали улсад очсон байжээ. Баз Лурманны найруулж буй тус кинонд Хэнкс Преслигийн менежер Колонел Том Паркерын дүрд тоглох юм. Харин Rock&Roll хөгжмийн хааны дүрийг дэлгэцнээ жүжигчин Остен Батлер амилуулах ажээ.
Эх сурвалж: CNN