СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Н.Энхбаяр: 2020 оны төсөв 8 их наяд ч хүрэхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 "Халуун сэдэв" ярилцлагын булангаараа бид эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа. Түүний хувьд коронавирусийн халдвар дэлхийн эдийн засагт нөлөөгөө үзүүлж буй энэ үед манай улс юун түрүүнд төсвөө тодотгож, үүсч буй нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн арга хэмжээг авахыг зөвлөлөө. 

-Сангийн сайд төсөв тодотгохгүй, зардлаа танахгүй гэж мэдэгдсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-

Өчигдөрхөн ДЭМБ-аас халдварт өвчний тархалтыг чөлөөтэй хянах боломжгүйг мэдэгдсэн. Үндсэндээ нэг бүс нутагт тархдаг өвчин биш дэлхий нийтэд тархаж байна. Энэ нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус дэлхийн эдийн засгийн асуудал болж байна. Дэлхийн эдийн засаг ямар хүндрэлд орох вэ гэдгийг одоогоор нарийвчлан хэлэх боломжгүй байна. Зарим сангууд урьдчилсан таамгаа дэвшүүлж байна. Ямар ч байсан нэлээд гүнзгий хямрал руу хөтөлж байна гэж харж байна. Ийм нөхцөлд дорвитой арга хэмжээ авах ёстой.

2 дугаар сард нөхцөл байдал тодорхойгүй байна гээд харзнаж болох байсан. Гэтэл одоо бүх зүйл тодорхой болж байна. ДЭМБ 14 хоногийн өмнөөс л уриалж эхэлсэн. Бүх улс орнууд байж болох хэмжээгээрээ хариу арга хэмжээ авахыг. Тэр нь дор нь Холбооны төв банк, Австралийн төв банк бодлогын хүүгээ бууруулсан. Дэлхийн улс орнууд арга хэмжээ авч эхэлсэн. Олон талын арга хэмжээ авах ёстойгийн зөвхөн нэг л тал нь.

-Сангийн сайд бодлогын хүүгээ бууруулж, арилжааны банкуудын активыг бууруулснаар эдийн засагт ихээхэн мөнгө орж ирээд, эерэг үзүүлэлт гарна гэж тайлбарласан?

-Манай улсын эдийн засаг түүхий эдээс хамааралтай. 10 гаруйхан хувь нь түүхий эдийн бус бүтээгдэхүүнээс хамааралтай. Үүнээс болж бүх салбар савладаг.

Өмнө нь бид 2008, 2014-2015 он гээд хоёр удаа эдийн засгийн хүндхэн хямралтай тулсан. Гэхдээ богино хугацаанд буюу 8-9 сарын дотор арга хэмжээ аваад шийдвэрлээд явсан. 2009 онд ОУВС-тай тохироод Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад санхүүгийн дэмжлэг аваад явсан.

2014-2015 онд нэлээд удаан хугацаанд үргэжилсэн. Энэ үед Монгол банкнаас мөнгөний бодлогын хүүгээ бууруулсан арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Аажим үргэлжилсэн хямрал учир дэмжлэг болсон.

Бодлогын хүү буурснаар ААН-үүдэд шинээр очих зээлийг л нэмэгдүүлж байна. Гэхдээ ААН-үүд шинээр зээл авахаасаа илүү одоо байгаа зээл, хүүгээ яаж төлөх вэ гэдэг нь асуудал болж байна. Жижиг ААН-үүд 5-10 сая төгрөгийн зээлээ төлж чадаагүй байхад дахиж зээл авахгүй.

Н.Энхбаяр: Сангийн сайд төсвөө тэлнэ гэж ярьж байгаа нь онолын хувьд буруу

-Өнөөдөр Сангийн сайд зардлаа танаж, төсвөө тодотгохгүй гэж байгаа боловч 2014-2015 оны эдийн засгийн хямралын үед өөрөө “төсвөө тодотгож, зардлаа танах”-ыг шаардаж байсан. Гэтэл өнөөдөр эсрэг зүйл ярьж байгаа нь сонгуульд зориулсан төсвөө хамгаалаад байна уу гэх хардлага дагуулж байна л даа?

- Тэр тусам манайх шиг эдийн засагтай үед. Зах зээлийн эдийн засаг хөгжсөн улсад байж болно. Гэтэл манайд төсвийн орлого хумигдсан энэ цаг үед зарлагаа хэвээр үлдээнэ гэж байгаа нь буруу.

2020 оны төсвөө 11 их наядын орлоготой, 13,8 их наядын зардлагатай байхаар тооцоолсон. Гэвч зарлага буюу 13,8 их наядаа хэвээр үлдээлээ гэхэд орлого хумигдах нь тодорхой. 8-9 их наяд руу орж ирнэ. Ингэснээр 3-4 их наядын алдагдал үүснэ. Энэ нь 2014 оны нөхцөл байдал руу л аваачна.

2014 онд төсвийн орлого 6,7 их наядаас 2015 онд 6 их наяд. Экспорт 5,7 их наядаас буураад 4,7 их наяд болсон. Энэ нөхцөл байдал давтагдана.

Мөн танахгүй гээд байгаа зарлагыг аваад үзэхээр амин чухал асуудлууд биш. Асуудал намжсаны дараа байшин барилгаа барьж болно гэдгийг л эдийн засагч, судлаачид хэлээд байна. Ядаж бондуудын төлбөрөө тэглэж байж барилга байшингаа барьж болно. Эдийн засгийн онолыг нэг суурин дээр хоёр өөрөөр тайлбарлаж болохгүй.

2014 онд төсвөө танах ёстой гэж ярьчихаад дөнгөж дөрвөн жилийн дараа танаж болохгүй, тэлэх ёстой гэж ярьж болохгүй.

-Зардлаа нэгэнт танахгүй, төсөв хумигдах нөхцөл үүссэн энэ үед гадны зээл тусламж яригдана. Гэвч биднийг гадныхан хэрхэн үнэлэх вэ, зээлжих зэрэглэл хэрхэх вэ гэдэг асуудал яригдах байх?

-14 хоногийн өмнөөс эхлээд олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагууд дүгнэлтүүдээ гаргаж эхэлсэн. Энэ хямрал ганц нэг бүс нутагт биш, дэлхийн бүх улсуудад нөлөөлж байгаа үед бүх улс орнуудад анхааруулж байна. Эрсдэлээс хамгаалах арга хэмжээ аваарай, гэж. Цаашлаад Солонгос, Япон гээд Азийн улс орнууд...Энэ үнэлгээ тааруу гарвал бид тун хэцүү байдалд орно. Ийм дүр төрх аль хэдийн харагдаад байна.

... Гурван сарын турш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдахад удаан оршин тогтноход хэцүү болно. Ингээд өдөр тутмын цалин татвар, НДШ-ээ төлж чадахгүйд хүрнэ. Тиймээс энэ ачаалал, дарамтыг нь бууруулах арга хэмжээ авах нь чухал...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.