Монголбанкнаас энэ оны эхний хоёр сарын гадаад худалдааны тоймыг танилцуулав. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 21 хувиар буюу 410 сая ам.доллараар буурч 1,521 сая ам.доллар байв.
Үүнд экспорт 30 хувиар буюу 323 сая ам.доллараар, импорт 10 хувиар буюу 87 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлөв. Тайлант хугацаанд худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 235 сая ам.доллараар буурч 21 сая ам.долларын ашигтай гарлаа.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 56 хувь буюу 847 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 19 хувь буюу 289 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн бол БНХАУ-тай хийсэн худалдаа 21 хувиар буурчээ.
Экспорт 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар буюу 323 сая ам.доллараар буурав. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан нь нийт экспортыг 27 нэгж хувиар бууруулах чиглэлд нөлөөлөв.
Импорт 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буюу 87 сая ам.доллараар буурав. Импортын 10 нэгж хувийн бууралтийг ерөнхий ангиллаар задалж үзвэл хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт 7 нэгж хувийг, хэрэглээний бүтээгдэхүүний бууралт 4 нэгж хувийг тус тус бүрдүүлж байна.