Манай улс оны эхний хоёр сард 770.3 сая ам.долларын экспорт, 750 сая ам.долларын импорт хийжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 29 хувиар, импорт 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж ГЕГ-ын Статистикийн газраас мэдээлэв.
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас бус, ОХУ болон бусад орнуудаас түлхүү импортолж байна. Хуурай сүү, цөцгийн тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүний импорт буурч цай, ургамлын тос, маргарин, элсэн чихэр зэрэг нэрийн бүтээгдэхүүний импорт нэмэгджээ.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 8 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ.
Тухайлбал цагаан будаа 1’640.4 тонноор, шар будааны импорт 915.2 тонноор, алим лийрний импорт 334.1 тонноор, хуурай сүүний импорт 201.0 тонноор тус тус буурсан байна.
Мөн цөцгийн тосны импортын тонн тутмын дундаж үнэ 607.0 ам.доллароор, байхуу цайны импортын дундаж үнэ 1’219.7 ам.доллароор тус тус буурсан бол, ургамлын тосны импортын дундаж үнэ 32.7 ам.доллароор, хуурай сүүний дундаж үнэ 758.2 ам.доллароор тус тус нэмэгдсэн байна.
Экспорт буурахад Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг зогсоосон нь голлон нөлөөлжээ.
Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өмнөх оныхоос 1.2 сая тн, зэсийн баяжмал 37 мянган тн, боловсруулаагүй нефть 723 мянган баррелиар буурч,төмрийн хүдэр, цайрын хүдрийн баяжмалын экспорт бага зэрэг нэмэгдсэн байна.
/COVID-19/-тэй холбоотой ноцтой зөрчил илрээгүй. Амны хаалт чанар стандартыг хангасан эсэхийг шалгахын тулд зарим тохиолдолд дээж авч лабораторийн шинжилгээ хийж байна. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар эрсдэлтэй бүс нутгаас шувууны мах, махан бүтээгдэхүүнийг импортлохыг түр хугацаагаар хориглосон. Зарим албан байгууллага үүнийг мэдэхгүй оруулж ирэх зөрчил гарч байна гэж ГЕГ-ын Хэрэг зөрчилтэй тэмцэх тасгийн дарга Б.Сүхбаатар мэдээлэв. Түүнчлэн Монгол Улсын иргэн хадны агуйгаас олдсон монгол цэргийн шарилыг дурсгалт зүйл гэж АНУ-руу гаргах гэж байсныг илрүүлсэн.