Корона вирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор өчигдрийн 07 цагаас Улаанбаатар хот болон орон нутгаас гарах хөдөлгөөнийг УОК-оос хориглосон. Үүний улмаас Нийслэлийн онцгой байдлын газрын үүдэнд гарах бичиг авах хүмүүсийн бөөгнөрөл үүссэнийг манай сэтгүүлч С.Шүрэнчимэг, зураглаач Б.Тэмүүжин нар газар дээрээс нь сурвалжилж байна.
НОБГ-ын үүдэнд ойролцоогоор 300-400 орчим иргэн хотоос гарах бичиг авахаар дугаарлаж байна. Албаны хүний хэлж байгаагаар өргөдөлд хоёр цагийн дотор хариу өгч байгаа гэх боловч иргэдтэй ярилцахад "худал" болох нь батлагдсан юм. Хэт олон хүн бөөгнөрсөн, ачаалал их байгаа нь хариу удаж гарахад хүргэж байгаа бололтой. Уг нь иргэдийг тав, таваар нь оруулж байгаа аж.
Иргэдийн дийлэнх нь Шувуун фабрик, Био комбинат, 61-н гарам зэрэг газарт мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес хийдэг хүмүүс байна. УОК-ын өчигдрийн гэнэтийн шийдвэрийн улмаас мал төллөх үеэр гэртээ харьж чадахгүй хоригдсон, сүүгээ борлуулж чадахгүй болсон гэх тайлбарыг иргэд хэлж байна.
Иргэдээс иргэний болон жолооны үнэмлэх, ажлын үнэмлэхийг үндэслэн гарах бичиг олгож байгаа ажээ.