СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баримтыг нягталсан нь: Коронавирусээс сэргийлэхгүй "хуурамч" зөвлөгөөнүүд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн 115 улс оронд тархаад буй Ковид-19 коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахын тулд гараа тогтмол угаах, бохир гараар нүүр амандаа хүрэлцэхгүй байх, гэрээсээ гаралгүй дархлаагаа дэмжих зэрэг зөвлөгөө мэдээллүүдийг түгээсээр байна. Гэвч цахим орчинд коронавирусээр хамгаалахад нөлөөлөхгүй хуурамч мэдээ мэдээлэл түгээж буйг ВВС агентлаг онцолжээ. Таныг болон таны гэр бүлийг хамгаалахад төдийлөн нэмэр болохгүй дараах хуурамч зөвлөгөөнүүдийг та даган мөрдөх шаардлагагүй ажээ. Учир нь цахим орчинд тархсан эдгээр зөвлөгөө коронавирусээс хамгаалахад үр дүнгүй гэдгийг шинжлэх ухааны мэргэжилтнүүд хэлж байна.

1. Сармис

Facebook цахим хуудсанд хамгийн их тархсан мэдээлэл бол сармис ихээр хэрэглэх нь коронавирусийн халдвараас хамгаална гэсэн байв. Гэвч энэ нь огт үр дүнгүй арга гэдгийг мэдэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс нийт улс орнуудад, ард иргэдэд хандан эрүүл шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэхийг зөвлөөд байна. Харин сармис хэрэглэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэдэг нь баримт нотолгоогүй юм. South China Morning Post хэвлэлд нийтэлснээр халдвараас сэргийлэхийн тулд 1,5 кг сармис идэж хоолойгоо түлсэн эмэгтэй эмнэлэгт иржээ.

2. Гайхамшигт эрдэс бодис

YouTube-ын олон мянган дагагчтай хэрэглэгч Жордан Сэтер өөрийн хөтөлдөг олон нийтийн сувгуудаар MMS буюу шидэт эрдэс бодисыг коронавирусийг устгана хэмээн сурталчилгаа явуулсан юм. Энэ нь хлорын давхар исэл агуулдаг бодис ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтийн цахим сүлжээнд тараасан уг исэл нь хорт хавдрын эсүүд, коронавирусийг ч устгах чадалтай гэсэн мэдээлэл эндүү ташаа болохыг АНУ-ын хүнс, эм бэлдмэлийн газраас анхааруулжээ. Үүгээр барахгүй шидэт минерал нь эсрэгээрээ эрүүл мэндэд хортой бөгөөд дотор муухайруулах, бөөлжих, суулгах, чийгшил дутагдах зэрэг шинж тэмдэг илрүүлж буйг мэдээлсэн байна.

3. Гэрт хийсэн гар ариутгагч

Коронавирусийн халдварын өндөр эрсдэлтэй улс орнуудад гар ариутгагч эрэлт ихтэй, зарим газарт олдохгүй байгаа тул гараа тогтмол савандаж угаах нь халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх гол арга болж байна. Цахим орчинд гар ариутгагч хомсдолтой байгаа үед гэрийн аргаар хийж болох жорыг тараажээ. Гэвч энэ жор нь алив зүйлийн гадаргууг цэвэрлэхээс хүний арьсанд тохиромжгүй гэмтээдэг байна. Тиймээс гэрт хийсэн гар ариутгагч зориулалтын бодисоос үр дүн багатай хэмээн мэргэжилтнүүд зөвлөжээ.

4. Уудаг мөнгө

Жим Бэккерийн шоугаар коллоид мөнгийг сурталчилж 12 цагийн дотор коронавирусийн гинжин хэлбэрийг устгаж байгааг харуулжээ. Гэвч АНУ-ын эрүүл мэндийн газраас мөнгө нь эрүүл мэндэд тустай болохыг баталсан шинжлэх ухааны баримт нотолгоо байхгүй гэдгийг хэлж эсрэгээрээ бөөрийг гэмтээж арьсыг хөхрүүлдэг хэмээн мэдэгджээ.

5. 15 минут тутамд ус уух

Японы эмч иргэдийг 15 минут тутамд ус уухыг зөвлөсөн зөвлөгөөг цахим сүлжээнд олон зуун мянган удаа бусадтай хуваалцжээ. Оксфордын их сургуулийн профессор Труди Лангийн хэлснээр энэ арга нь биологийн үүднээс үр дүнгүй гэсэн байна. Вирусийн халдвар амьсгалын зам, амаар дамжин халдварладаг учир ус уулаа гээд вирусийг гэдэс дотор оруулж устгана гэдэг үндэслэлгүй ажээ. Коронавирусийг устгахгүй болохоос ус уух нь мэдээж хэрэг эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө билээ.

6. Зайрмагнаас татгалзах, дулаацах

Шинэ төрлийн коронавирус тархсанаас хойш аль болох халуун бүлэн зүйл уух, халуун баннд орох, үс хатаагч ашиглах, хүйтэн хүнс болон зайрмагаас татгалзахыг уриалсан нийтлэлүүд тархсан. Бид зуны цагт ханиад томууны вирус тэсвэргүй гэдгийг мэдэх ч халуун дулаан байх нь шинэ коронавирусийг устгах эсэхийг хараахан батлаагүй байна. Вирус цельсийн 60 хэмийн температурт тэсвэргүй учир халуун зүйл ууж, биеэ наранд шарахаас илүү ариун цэврийн алчуураа 60 хэмд халаах нь үр дүнтэй байж магадгүй гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.