Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06 цагт шуурхай хуралдлаа. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин эхэнд мэдээлэл хийсэн юм.
УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин:
-Дорноговийн "Арева" компанид ажиллаж байсан Франц улсын иргэнээс эхний шинжилгээгээр корона вирусийн халдвар илэрлээ. Хавьтагчдын нэрсийг гаргаж байна. Ирэх даваа гарагийн 07 цагт хүртэл Улаанбаатар болон орон нутгийн замын хөдөлгөөнийг хориглолоо. Бэлтгэл ажил эхэллээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Москва-Улаанбаатар чиглэлийн "Аерофлот"-ын онгоцоор ирсэн Франц улсын иргэнд шинж тэмдэг илэрлээ гэсэн дуудлагыг аваад, эрүүл мэндийн байгууллага шинжилгээ авсан. Эхний шинж тэмдгээр хариу нь "эерэг" буюу корона вирус илэрсэн. Давтан шинжилгээ хийнэ. Уг иргэнийг Дорноговьд тусгаарласан. Эхний хавьталттай 41 хүн, ойрын 120 хүнийг тусгаарласан. Явсан газруудыг тогтоох, камер шүүх, ариутгалын ажлууд хийгдэж байна. ЭМЯ-ны хоёр баг Дорноговь руу явсан. Уг хүн халуунтай, биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа гэсэн мэдээлэл ирүүлсэн.
Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:
-Эхний шинжилгээгээр корона вирус илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар, аймаг, орон нутгийн хөдөлгөөнийг 3 сарын 16-ны 07 цаг хүртэл зогсоолоо. Олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын хойд урсгалыг хаагаагүй байсан. Сар шинийн дараа орон нутгийн урсгалыг нээсэн нь нэгдүгээр хавьталттай хүмүүс ийш тийш хөдөлсөн байж магадгүй гэж энэхүү арга хэмжээг авч байна.
ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
-Сэжигтэй тохиолдол илэрсэн учир Эрүүл мэнд, Онцгой, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуулын байгууллага шуурхай ажиллан уг иргэний зорчсон газар, маршрутыг тогтоосон. 1-р хавьталттай байж магадгүй 500 хүний нэрсийг гаргасан. Хяналтад байгаа гэдгийг хэлмээр байна. Шинжилгээг хийж байна, үргэлжлүүлэн хийнэ. Гэтэл хэлсээр байтал иргэн Дэжидмаа гэгч мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй орон нутгаас гарсан асуудалд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Францын иргэнд 3 сарын 7-нд халуурах шинж тэмдэг илэрсэн даруйд бид орон нутгийн 80, Улаанбаатар хотод хавьтсан байж магадгүй 40 хүний нэрсийг гаргасан. Эдгээр хүмүүсийн утасны дугаар, гэрийн хаягийг гаргасан. ХӨСҮТ-д тусгаарлана. "Өөрийгөө 14 хоног тусгаарлаарай" гэж хэлсээр байтал үл ойшоон, олон газраар явсан хүн байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.