Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлав.
Кёкүшюзан Д.Батбаяр 32 сая ам.доллараар Хятадуудад нүүрсний орд газрыг наймаалцаж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд сэтгүүлчид 500 сая төгрөг өгсөн гэх бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Тэгвэл түүний өмгөөлөгч Ж.Оюунболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой бичлэгийг тарааж буй н.Алтанцаг гэдэг хүн бол өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан. 2019 оноос дахин энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийж эхэлсэн. Иймд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр өнгөрсөн долоо хоногт хуулийн байгууллагад буюу Хан-Уул дүүргийн цагдаагийн газар өргөдөл өгсөн.
н.Алтанцаг гэдэг хүнтэй 2019 оны 4-5 сарын хооронд гурван удаа өөрийнхөө оффис дээр уулзсан. Хорт хавдартай хэмээн тусламж гуйхад 1800 ам.доллар болон 5 сая төгрөг өгсөн. Үүнийг ажилчид, нарийн бичиг нар харсан байгаа. Тухайн хүний хувьд 2019 оны 3-8 сарын хооронд Д.Батбаяр 4-5 хүнтэй ганцаарчилсан уулзсан бичлэгийг нууцаар хийж авсан байсан. Үүнийг нэг дор уулзсан мэт эвлүүлсэн байсан. Кёкүшюүзан Д.Батбаяр нууцаар бичлэг хийсэн хэмээн цагдаагийн байгууллагад хандаад байна.
Тухайн бичлэгийн хувьд 32 сая ам.долларын асуудал яригдаж буй. Арилжааны банкуудын гадаад дотоод гүйлгээгээр 20 сая төгрөгийн гүйлгээ хийгдэхэд л Монголбанкнаас шалгадаг.
Энэхүү шалгалтын хүрээнд нэр дурдагдаад буй Кёкүшюүзан Д.Батбаяр болон бусад хүмүүсийн дансад ийм хэмжээний гадаад валют БНХАУ-аас орж ирээгүй болох нь тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч болох Д.Батбаяр арилжааны банкуудаас гүйлгээ хийгдээгүй гэдэг тодорхойлолтоо авсан.
Ер нь 2019 оны сүүлээс Д.Батбаяртай холбоотой гэмт хэргийн шинж чанартай гүтгэлгүүд явж эхэлсэн. Үүнийг бид сонгуультай холбоотой хэмээн үзэж байгаа. Нийтэд ил болсон таван минутын бичлэгт сэтгүүлчдэд мөнгө өгсөн гэх асуудал байхгүй. Энэ асуудлыг мэдэхгүй байна. Өнөөдөр Кёкүшюзан Д.Батбаяр хэвлэлийн бага хурлын үеэр ирэх байсан ч Японы харилцагч байгууллагаас онлайн уулзалт хийхээр болсон тул өөрийнхөө үйлчлүүлэгчтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна.
Кёкүшюзан Д.Батбаярын өмгөөлөгчийн хувьд бичлэг дээр дурдагдсан зүйлийг үгүйсгээгүй. Харин хууль бусаар бичлэг хийж, эвлүүлсэн байсныг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон гэлээ. Өнөөдрийн байдлаар уг бичлэг дээр яригдсан асуудлаар Д.Батбаярыг шалгасан зүйл байхгүй гэдгийг дурдав.