Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Монгол улс экспортын 89 хувийг БНХАУ руу гаргадаг. Импортын бараа бүтээгдэхүүний 40 хувийг БНХАУ-аас татдаг. Иймээс аль салбар хүндрэл гарч байгааг судалж байгаа гэв. Тэрбээр цааш нь,
-АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогынхоо төлвийг 0,5 нэгжээр хүүгээ бууруулж зөөлрүүлснээр 1,25 хувийн хүүтэй болсон. Нэг зүйлийг онцлон хэлэхэд АНУ-ын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч энэ талаараа мэдээлэл өгөхдөө “Вирусийг мөнгөний бодлогоор зогсоохгүй. Мөнгөний бодлогыг зөөлрүүлж байгаа нь эдийн засгийг дэмжих бодлого юм” хэмээсэн. Бусад улс орнууд ч гэсэн мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлж байгаа бол БНСУ-ын хувьд хэвээр нь хадгалахаар болсон гэдгээ мэдэгдсэн.
Тэгэхээр дараа долоо хоногт Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдана. Уг хуралдаанаар 0,5 нэгжээр мөнгөний бодлогыг буулгах санал оруулахаар болсон.
Уг саналаас гадна Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах санал оруулна. Заавал байлгах нөөцийн хувь хэмжээ 12 хувь байдаг. Харилцах, хадгаламж эзэмшигчээс өгсөн 100 төгрөгийн 12 төгрөгийг Монголбанк дээр заавал байлгах нөөцийн хэлбэрээр байлгадаг. Энэ нь банкны төлбөр тооцоог хэвийн хэмжээнд явуулах найдвартай эх үүсвэр маягаар хадгалдаг.
Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулснаар тодорхой хэмжээний эх үүсвэр чөлөөлөгдөнө. Энэ чөлөөлөгдсөн эх үүсвэр нь аж ахуйн нэгжүүдэд зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Дээрх арга хэмжээг авснаар санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хүртээмжтэй болж эхэлнэ. Дээрээс нь хүү буурах нөхцөл болно гэдэгт Монголбанк итгэж байгаа.
ДЭМБ-аас бэлэн мөнгөөр дамжин вирус тархаж байж болзошгүй гэж үзэж байгаа. Иймээс Монголбанкны зүгээс банкуудад шинэ мөнгө нийлүүлж байна. Аль болох хуучин дэвсгэртүүдийг татах үйл ажиллагаа хийж байгаа.
Түүнчлэн зээлийн хүүг бууруулах, тэглэх асуудал боломжгүй. Харин хүндрэлтэй энэ цаг хугацаанд зээлээ хугацаанд нь төлж чадаагүй үеийн хүү, алданги, торгуулийг зогсоох боломжтой талаар Монголын банкны холбоотой уулзаж ярилцахаар болсон.