Өнгөрсөн сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлж буй өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа дэмжсэн ямар арга хэмжээ авах асуудлаар шийдвэр гаргасан. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад түрээсийн төлбөрөө бууруулбал татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ.
Энэхүү татварын хөнгөлөлтөд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслэгчид л хамрагдах боломжтой юм. Уг шийдвэр гарсны дараа зарим томоохон худалдааны төвийн удирдлагууд түрээсийнхээ төлбөрийг бууруулж эхэлжээ.
Монголын хамгийн том худалдааны төв болох “Нарантуул” худалдааны төв түрээсийн төлбөрөө бууруулах эсэх талаар тодруулахад “Манай худалдааны төв хамгийн бага түрээстэй газар. Нэг лангуу сардаа 60-70 мянган төгрөгийн түрээс төлдөг. Энэ мөнгөнөөс дахин хөнгөлөх боломжгүй” гэсэн юм. “Нарантуул” худалдааны төв нь 7-8 мянган лангуутай ажээ.