ХБНГУ-ын Хүн төрөлхтний түүхийн шинжлэх ухааны Макс Планкын хүрээлэнгийн судлаачид болох Шеван Вилкин, Мадлен Блэйсдал нар сүү, цагаан идээнд түшиглэсэн бэлчээрийн мал аж ахуй нь Евразийн зүүн нутагт 5,000 жилийн тэртээгээс үүсэлтэй гэдгийг судалгааны ажлаараа харуулжээ. Вилкин, Блэйсдал нар 2016 онд Монгол улсын их сургуулийн профессор М.Эрдэнэтэй уулзаж судалгааны ажлаа эхлүүлсэн байна.
Тэд дорнын тал нутагт бичигдсэн эртний түүх, соёлын хувьсал, эдийн засаг, эрүүл мэнд, хоолзүйн талаар судалж 600-6,000 хүртэл жилийн өмнө амьдарч байсан 200 хүний үлдвэр, бие эрхтэний хэсгийг шинжилсэн байна. Эрдэмтэн судлаачид эртний 32 хүний үлдвэрээс шүдийг нарийвчлан судалж уургийн нийлэмжийг харьцуулахад тэдгээрийн ихэнх нь буюу 72 хувь нь сүү, цагаан идээ хэрэглэж байсныг олж мэджээ.
Үүгээр зогсохгүй Монголын тал нутагт амьдарч байсан нүүдэлчид МЭӨ 3,000 жилийн тэртээгээс хойш өдийг хүртэл сүү, цагаан идээг бүх цаг үеийн турш уламжлал болгон хэрэглэж ирсэн хэмээн судалгааны материалдаа онцолсон байна. Энэ нь эрдэмтэн судлаачдын хүн төрөлхтөн сүү, цагаан идээ хэрэглэж байсныг гэрчлэх хамгийн эртний олдвор болжээ.
Түүнчлэн айргийг хүрэл зэвсгийн сүүлч үед, Монголын эзэнт гүрний үед, үүнээс ч өмнө буюу МЭӨ 1,200 жилийн тэртээ хэрэглэж байсан баримт нотолгоог судалгааны үеэр илрүүлсэн байна. Орчин цагийн Монголын ард түмэн, тэр дундаа малчид үхэр, сарлаг, хонь, ямаа, адуу, цаа буга, тэмээний сүүг боловсруулан хэрэглэх нь соёлын чухал өв болон хадгалагдан ирсэн билээ. ХБНГУ-ын Хүн төрөлхтний түүхийн шинжлэх ухааны Макс Планкын хүрээлэнгийн эрдэмтдийн бичсэн “Сүү, цагаан идээнд түшиглэсэн бэлчээрийн мал аж ахуй нь 5,000 жилийн туршид зүүн Евразийн тал нутгийн ард түмний амин зуулгыг залгуулсаар иржээ” судалгааны бүтээлийг Э.Золжаргал монгол хэлнээ хөрвүүлэн natureecoevocommunity.nature.com цахим хуудсанд бүрэн эрхээр нь байршуулсныг доорх линкээр оруулав.
Эх сурвалж: Nature Research Ecology and Evolution Community